Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. 

Энэ өдрүүдэд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцох, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нарт уриалсан.

Уриалгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажлын албан хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Түргэний цэцэрлэгт өнөөдөр (2025.05.10) мод тарилаа. Энэ хаврын мод тарих үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон албаны бусад хүмүүс, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцов.

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр голт бор, гацуур, шар хуайс гэсэн 3 төрлийн 60 гаруй мод, бут тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.

Энэ жилийн хаврын мод тариалтад төр болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага, иргэд оролцож, нийтдээ хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс зэрэг 10 гаруй төрлийн мод тарих аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл