Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулууныг урьж, “Дэлхийд тархсан монгол өв:бүтэн түүхийн төлөө” 12 боть бүтээлийн талаарх “Зохиогч-уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр /2025.05.13/ Парламентын номын санд зохион байгуулав.
Энэхүү уулзалтад Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ болон Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид, тус номын сангийн уншигчид оролцлоо.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, тус хүрээлэн Парламентын номын сангаараа дамжуулан шинэ соргог бүтээлийг олон нийт, уншигчдадаа таниулах зорилгын хүрээнд “Зохиогч-уншигчдын уулзалт”-ыг цувралаар явуулах болсныг онцлов.
“Дэлхийд тархсан монгол өв” бүтээлүүдийнхээ талаар академич С.Чулуун, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөөний тусгал болж үлдсэн эд өлгийн зүйлс бусад улс оронтой харьцуулахад хамгийн олон оронд хадгалагдан үлдсэн улс нь Монгол гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн сүүлийн 100 жилийн түүхэнд Монголын түүхийн судалгаанд олон улсын архив, номын сан, музейд хадгалагдан буй монгол орны талаарх дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтран судлах ажил хийгдээгүй байсан гэлээ.
“Дэлхийд тархсан Монгол өв төсөл”-ийг 2011 онд эхлүүлж, энэ хүрээнд 12 боть бүтээлийг хэвлүүлсэн бөгөөд ОХУ-ын Эрмитаж Улсын музейн сан хөмрөг, Унгар Улсын номын сан, музей, Япон Улсын музей, номын сан, архив, Тайваний хааны ордон музейн архив, Норвегийн Осло их сургуулийн соёлын түүхийн музей, Эрхүүгийн орон нутаг судлах музей зэрэгт хадгалагдаж буй монголчуудын аж ахуй, бичиг үсэг, бурхан шашин, бөө мөргөл, археологи, монголын түүхтэй холбоотой эд өлгийн зүйлийг нэгтгэн, шинжлэн судалж, судалгааны эргэлтэд оруулан монгол хэл дээр уншигчдын хүртээл болгосон байна.
Академич С.Чулуун энэхүү 12 ботид урд өмнө хэвлэгдээгүй 5400 орчим эд өлгийн зүйлс багтсаныг онцлоод цаашид Их Британи, БНСУ, Узбекстан, Франц, Чех, Польш АНУ зэрэг улсад хадгалагдаж буй монголын соёлын өв, дурсгалуудын талаар хэвлэхээр бэлтгэж байгаагаа дурдсан.
Мөн зохиогч уулзалтынхаа төгсгөлд 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.