Цэс

Холбоо барих

НББХ: Ажлын хэсгийн тайлан, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол гаргалаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.13) хуралдаж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн тайлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын даргын 2024 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаар захирамжаар байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд  Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, А.Ариунзаяа, Д.Батбаяр, Ж.Баясгалан, Д.Ганбат, Г.Лувсанжамц нар ажиллажээ. Тус ажлын хэсэг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн үнэлгээг мэргэжлийн судлаач, зөвлөхүүдээс бүрдсэн хөндлөнгийн багаар гүйцэтгүүлж, 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн талаарх судалгаа, үнэлгээ, тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, яамд, нутгийн захиргааны болон холбогдох төрийн бус байгууллагуудтай нийтдээ зургаан удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсны зэрэгцээ гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа зэргийг нэгтгэсний үндсэн дээр дүгнэлт гаргасан тухай ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын зүйл, хэсэг заалтын 82.4 хувийг Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль зэрэг 100 орчим хууль тогтоомжид тусгасан, 17.6 хувийг огт тусгаагүй, эсвэл хэт ерөнхий зохицуулсан талаар ажлын хэсгийн ахлагч танилцуулж, хуулийн зохицуулалт хэт ерөнхий, хэрэгжих механизм, хариуцлагын тогтолцоо тодорхой бус зэргээс шалтгаалан хэрэгжилт хангалтгүй, хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх байдалтай байгааг дүгнэсэн юм. Иймд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй  хэрэг, зөрчил буурахгүй, нийгмийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй бус, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь хангалтгүй байна гэлээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд, дээрх конвенц болон хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Автотээврийн тухай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Нийгмийн эрүүл мэндийн тухай, Харилцаа холбооны тухай хууль, Дээд боловсролын тухай зэрэг 20 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг дурдаад, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 2018 онд явуулахад давхардал 24.4 хувь, зөрчил 35.5 хувь, хийдэл 13.3 хувь байгааг тогтоосон боловч энэ бүхнийг засан сайжруулах, өөрчлөх, хууль хоорондын уялдааг сайжруулах ажил огт хийгдээгүй нь ноцтой үр дагавар дагуулж буйг тэмдэглэжээ. Мөн хууль хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчил буураагүй төдийгүй зарим эрсдэлүүд нэмэгдсэн, амьдарлын чанар, орчин нөхцөл, дэд бүтэц тусгай хэрэгцээт хүмүүст ээлтэй биш хэвээр байгааг онцолж, энэ нь хуулийн үйлчлэл хангалтгүй болохыг харуулж буй тул шинэчлэн өөрчлөх шаардлагатай хэмээн дүгнэсэн байна. Иймд Байнгын хорооноос шийдвэр гаргаж, хуулийн биелэлтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхийг ажлын хэсгийн ахлагч хүсэв.

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Ж.Баясгалан, С.Зулпхар, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төрийн байгууллагууд манлайлж ажиллах, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд идэвх санаачилгатай, бодит үр дүн гаргаж ажиллах, халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй, тэдгээр ядруу иргэдийг байн байн дуудаж, нааш цааш явуулдаггүй байдлаар цахимаар үзүүлж байх, байнгын асаргаа, хараа хяналт шаардлагатай иргэдийн асрамжлагч, халамжлагч нарт буюу эцэг, эх, гэр бүлийнхэнд чиглэсэн халамжийн бодлого явуулах, тэдгээр иргэдэд эрхийг нь мэдүүлж, энэ талаар нийгэмд чиглэсэн мэдээллийн, соён гэгээрүүлэх ажлуудыг эрчимтэй хийх, хүнийг хөгжлийн боломжоор нь, харагдах өнгө үзэмж, дүр төрхөөр нь ялгаварлан гадуурхсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярив. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Үндэсний зөвлөл чамгүй ажил хийж байсныг дурдаж, хоёр жилийн өмнө энэ талаар төрийн байгууллагуудад чиглэсэн хяналт, мэдээллийн ажлыг хийж, яам, агентлагууд өдөр тутмын ажил, бодлого, шийдвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчихгүй байх талаар хэр мэдрэмжтэй ажиллаж байгааг шалгаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн нь үр дүнтэй болсныг ярьсан юм. Энэ ажлыг орон нутгийн болон бусад байгууллагад үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц болон хуулийг бодитоор хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд, тэр дундаа нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр зуучлал, хүн ам, хүүхэд хөгжлийн асуудал эрхэлдэг байгууллагууд байр байшингаасаа эхлээд үлгэрлэх ёстойг дурдсан юм.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хурлын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд хариуцлагатай ажилласныг онцлон тэмдэглэж, тус ажлын хэсгийн тайлан илтгэлтэй холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэв. Тэрбээр тогтоолын төслийг уншиж танилцуулан, санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарим саналыг нэмж тусган, олон улсын байгууллагын конвенц, зөвлөмжид нийцүүлэн гаргахаар тогтлоо.

Тогтоолоор, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хууль тогтоомж, бусад хэм хэмжээний актуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай бол шинэчилж боловсронгуй болгох, батлагдаагүй журмуудыг боловсруулж батлах, хууль хоорондын уялдаа, нийцлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх төрийн дэмжлэг, нийгмийн халамж анхаарлыг дээшлүүлэх, төрлийг нэмэгдүүлэх, оновчтой, бодитой төлөвлөж ил тодоор хэрэгжүүлэх, тэдний эрхийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг хуульчлах санал болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх, нийгмийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад авах улсын комиссын үйл ажиллагааг нээлттэй болгох болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгаа, мэдээллийг сайжруулах, цахим сан бий болгохын зэрэгцээ тэдний эмзэг мэдээллийг чандлан нууцлах, нөхөн сэргээлт, асаргаа сувилгааны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, нэмэгдүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, хөгжлийн хоцрогдлыг бага насанд нь илрүүлэх, хөгжлийн дэмжлэг үзүүлэх  төлөвлөгөө боловсруулан ажиллах талаар чиглэл өгсөн байна. Тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит  чуулганы хугацаанд багтаан Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болголоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаарх асуулгын хариуг сонслоо. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-өөс энэ оны нэгдүгээр сард гаргасан 03, 04 тоот тогтоолуудаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо, санхүүжилтийг хязгаарласан нь ялангуяа улсын эмнэлгүүдийг санхүүгийн дутагдалд оруулж, үйл ажиллагаанд нь хүндрэл, доголдол үүсгэж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын гишүүд асуулга тавьсан байна. Мөн өдрийн эмчилгээний зардалтай хэвтэн эмчлүүлэх зардлыг дүйцүүлэн тооцож, суурь тариф тогтоосон нь ямар тооцоо судалгаатай болох, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас 2025 онд санхүүжүүлэх төсвийг өмнөх оныхоос 20-30 хувиар бууруулсан нь ямар үндэслэлтэй болох, түүнчлэн энэ онд гэрээлэх төсөв, тоо хэмжээг тохирох боломжгүй байгаа асуудлуудыг яаж шийдвэрлэхээр ажиллаж байгааг асуужээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудад үүсээд байгаа өр, төлбөрийг бүрэн барагдуулах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний санхүүжилтийг саадгүй олгож, амьдралын чанарыг дээшлүүлэх болон эмнэлзүйн үр дүн багатай, өөр эмчилгээний сонголт бүхий тусламж, үйлчилгээний тоог хязгаарлах байдлаар төсвийн тэнцлийг хангах бодлого баримталж байгаагаа Эрүүл мэндийн сайд онцлов. Анхан шатны эмнэлгүүдийн 2025 оны төсвийг 2024 оны гүйцэтгэлээс 34 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, лавлагаа шатлалын эмнэлэг, сувиллын зарим тусламж, үйлчилгээг анхан шатны эмнэлэгт авах, эмийн үнийн хөнгөлөлт зэргээр анхан шат руу архаг өвчний чиглүүлж буйг тэрбээр мэдээлээд, энэ оны төсөв өмнөх оныхоос нийтдээ 360 орчим тэрбум төгрөгөөр өссөнд төрийн албан хаагчдын цалингийн болон эрчим хүчний үнийн өсөлт голлон нөлөөлснийг танилцууллаа.

Өмнөх онуудад хуримтлагдсан 316.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан нь өдрийн давтан эмчилгээ, архаг өвчний хэвтүүлэн эмчлэх болон уламжлалт, сувиллын тусламж, үйлчилгээг 60 хүртэл хувиар буурахад нөлөөлсөн байна. Энэ нь иргэд, эмчлүүлэгчдийн 9.0 хувьд нөлөөлсөн гэж Эрүүл мэндийн сайд дурдав. Ялангуяа архаг өвчнийг хэвтүүлж биш, илүү үр ашигтай, зардал багатай байдлаар өдрийн болон амбулаторын эмчилгээгээр эмчилж, зөвхөн цочмог үед хэвтүүлдэг болгох шаардлагатай гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлэв.

Манай улс 1000 хүн амд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд наймдугаар байрт жагсдаг бол хэвтэн эмчлүүлэлтийн түвшнээр дөрөвдүгээрт ордог ажээ. Эмнэлгийн орны ашиглалт 62 хувьтай бөгөөд үүний 40 хувийг шаардлагагүй хэвтэлт эзэлж байгаа нь Дэлхийн банкнаас 2024 онд хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Нас баралтын 14.0 хувийг аврах боломжтой тохиолдууд эзэлж, үүний 50 хувийг хүүхдийн нас баралт эзэлсэн нь харамсалтай гэж сайд мэдээлэлдээ дурдаад, хэвтүүлэн эмчлүүлэхийн оновчлолыг сайжруулах шаардлагатай гэлээ. Архаг өвчнийг нэг удаа хэвтүүлж эмчлээд эдгэхгүй, харин тогтмол хяналтанд байж, урт хугацаанд тогтвортой эмчилснээр үр дүн гарна гэдгийг тэрбээр онцолж, олон улстай харьцуулахад амбулаторын тусламж, үйлчилгээ 30 хувиар доогуур байгаа тул үүнийг сайжруулах, үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм.

ЭМДС-гийн 2025 оны төсвийг хэрэгжүүлэх хүрээнд тусламж, үйлчилгээг цочмог үеийн, төлөвлөгөөт, архаг өвчний үеийн гэж бүлэглэн эрэмбэлсэн байна. Цочмог үеийн амь нас аврах тусламж, үйлчилгээг тоо, хэмжээний хязгаарлалтгүй, тарифын өөрчлөлтгүйгээр гүйцэтгэлээр санхүүжүүлэх бол төлөвлөгөөт тусламж, үйлчилгээний тоо, хэмжээг гэрээгээр урьдчилан тохиролцож, хэтэрсэн тохиолдолд төлбөрийн 80 хувиар санхүүжүүлэх юм. Харин архаг өвчний тусламж, үйлчилгээг ЭМДС-гийн мөнгөн хөрөнгийн байдалд тохируулж, хязгаарлалттайгаар худалдан авах буюу төсөв хэтэрсэн нөхцөлд санхүүжилтийг зогсоохоор зохицуулжээ. Энэ эрэмбэлэх зохицуулалты хэрэгжүүлэх үүнээс ЭМДС-гийн төсвийн хуваарийг сар бүр баталж, гэрээний тоо хэмжээг мөн сар бүрээр мөрдүүлж байгаа ажээ. ЭМДС нь даатгуулагчдын нэрийн өмнөөс чанартай тусламж, үйлчилгээг худалдан авагч бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа тул тэдний зарим хүсэлтийг хангах, санхүүжүүлэх боломжгүй буюу шаардлагагүй болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэмдэглэлээ. Иймд тус сан даатгуулагчдын дийлэнх, олонход нэн шаардлагатай, чанартай, эдийн засгийн үр ашигтай эмчилгээ, үйлчилгээг худалдан авах зарчмыг баримталж байгаа ажээ.

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд гэрээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, цаг хожиж нэхэмжлэлээ хэтрүүлэх зэрэг үйлдэл гаргаж байгаагаас одоогийн байдлаар төрийн болон хувийн өмчийн 319 эмнэлгээс 40 нь гэрээгээ эцэслэн байгуулаагүй аж. ЭМДҮЗ-өөс эмнэлгүүдийг гэрээний хэлцэлд урьж, татгалзсан тохиолдолд хуулийн дагуу гэрээг түдгэлзүүлэх арга хэмжээ авах юм. Энэ онд ЭМДС-гийн орлого бүрдэхгүй байх эрсдэл үүсэж байгаа тул төсөвтөө багтааж хамгийн үр дүнтэй, давхардалгүй худалдан авалт хийх чиглэлд түлхүү анхаарч байна гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа.

Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын цалин, эмнэлгийн урсгал зардлыг даатгуулагчдын шимтгэлээр санхүүжүүлж байгаа хуульд нийцэж буй эсэх, салбарын санхүүжилт жил тутам нэмэгдсээр байхад өр төлбөр гарсаар байгаагийн шалтгаан, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун унаж татдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг архаг өвчтэй хүмүүсийн ангилалд оруулж байгаа эсэх, тийм бол энэ өвчний эмийн хангалтыг хэрхэн сайжруулах талаар асууж Эрүүл мэндий сайд Т.Мөнхсайхан, ЭМДЕГ-ын дарга С.Энхболд нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэнээс ирсэн ЭМДҮЗ-ийн 2025 оны 04 дүгээр тогтоол буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь тарифыг тогтоож, тоо хэмжээнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийн үндэслэл, тооцооллын талаарх асуултыг уламжилсан юм. Үүнд Эрүүл мэндийн сайд хариулахдаа, өвчинд суурилсан өртгийн тооцоолол хэрэгжүүлж байснаас болж төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хооронд ялгаатай байдал бий болсныг арилгах, өртгийн тооцооллыг ижил хэмжээнд барих, үүний тулд хязгаарлалт тогтоох шаардлага үүссэн гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гүйцэтгэлийн санхүүжилтийн талаарх эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, захирлуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх шаардлага, эмчилгээ, үйлчилгээг эрэмбэлэн зохицуулж байгаагаас ЭМДС-д гарч буй эерэг нөлөө, гэрээний хэлцлийн явцад төсөв хасагдсанаас болж орон нутгийн эмнэлэг ажилчдынхаа цалинг бүрэн олгож чадахгүй нөхцөл үүссэн тохиолдол зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн анхан шатны эмнэлгүүдийн нэг иргэний санхүүжилт, Ковид19 цар тахлын үеэс үүссэн ЭМДС-гийн өр, төлбөрийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулахдаа ЭМДЕГ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шиг өвчлөл, түүд үзүүлэх тусламж, үйлчилгээг жилээр урьдчилан төлөвлөж санхүүжүүлэх байдлаар ажиллаж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар асуусан юм. Мөн тэрбээр ЭМДС бол иргэд, даатгуулагчдын дундын сан гэдгийг тодотгож, тус сангийн хөрөнгийг урсгал зардал, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулж буй нь буруу гэлээ. Мөн энэ талаар Байнгын хорооны дарга Л.Энхнасан асууж, Эрүүл мэндийн сайдаас хариулт авав.

Дараа нь асуулга тавьсан гишүүд асуулгынхаа хариутай холбогдуулан үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо бол томоохон реформ болохыг дурдан, ирэх жилийн улсын төсвийн төслийг хэлэлцэхэд энэ шинэчлэлтийг дэмжиж ажиллахыг Байнгын хорооны гишүүдэд уриалав. Мөн тэрбээр, яамны эрхлэх асуудлын хүрээнд ЭМДС ажиллах ёсгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж, тогтолцооны өөрчлөлт хийх асуудлыг төсвийн хуультайгаа холбогдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн юм. Анхан шатны тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилт бол үндсэндээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт гэдгийг тэрбээр хэлж, зардлын зориулалтыг тодорхой болгож ангилан, хасалт, хэмнэлтгүйгээр эмчилгээний чанарт анхаарах шаардлагатайг онцлов. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ЭМДС даатгуулагчдынхаа төлөө ажилладаг болох, стратегийн худалдан авалтынхаа бодлогыг сайжруулах зэрэг чухал зүйлийг хийх цаг болсныг дурдаад, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн иргэд, даатгуулагчдын эрх ашгийг орхигдуулж болохгүй гэдгийг онцолж, ЭМДС-д учирч болзошгүй эрсдлээс болгоомжилж, үндэслэл, тооцооллыг бодитой хийх шаардлагатайг дурдлаа. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжсэн боловч зарим талаар ухралт гарч байгааг тэрбээр анхааруулж, энэ санхүүжилтийн тогтолцоо буруу байна гэж үзвэл бид дараагийн буюу үр дүнд суурилсан санхүүжилтийн асуудлыг ярих ёстой гэсэн юм. Санхүүжилт 40 орчим хувиар нэмэгдсэн ч эсрэгээрээ иргэдийн өвчлөл нэмэгдсээр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар доошилсоор байгаад дүгнэлт хийх ёстой гэдгийг тэрбээр тэмдэглэж, зөв бодлого, зохион байгуулалтаас хамаарах олон зүйл бийг сануулав. Өвнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлы эрчимжүүлэх, зардал санхүүжилтийн шинэчлэл, сайжруулалтыг үе шаттай, дэс дараалалтай хийх, өртгийн тооцооллыг өмнөх жилийн гүйцэтгэлийн санхүүжилтэд үндэслэн бодитой хийх, тулган шаардах арга барилаар ажиллахгүй байх зэрэг олон асуудлыг эртнээс засаж, залруулах шаардлага байгааг тэрбээр хэлж, эмнэлгүүдэд төдийгүй иргэдэд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл учрах болсныг анхааруулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн горимын саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан гаргасан юм. Түүний саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл