Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудынтай хамтарч ажиллах, тодорхой асуудлаар парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байх зорилгоор Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэг “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд өнөөдөр (2025.05.14) Төрийн ордонд боллоо.
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өмнөх уулзалтууд үр өгөөжтэй болсныг тэмдэглэн хэлсэн. Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрхийн хэрэгжилт сэдвээрх 4 дүгээр сарын уулзалт-хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцоод, холбогдох журмыг боловсруулан ажиллаж байгаа гэв. Энэ журмыг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эцэслэн батлах зорилго тавиад байгаа гэлээ. Өмнөх зургаан удаагийн уулзалтаар ойлголтоо нэгтгэх зорилго тавьж байсан бол 4 дүгээр сарын уулзалтаас эхлэн шийдэлд чиглэн ажиллаж байгаачлан энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийг ч мөн “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр үр дүнд чиглэж байгааг тодотгосон.
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын захирал Н.Арвинтариа “Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр эхлээд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр 1995 онд байгуулагдсан төвийнхөө үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлэх бүтэц, механизм бий болгожээ. Улсын хэмжээнд 800 гаруй Хамтарсан баг ажиллаж байгаа бол 40 гаруй Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа зэрэг олон ахиц дэвшил гарсныг танилцуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил гэдгийг олон нийтээрээ ойлгож, энэ талаарх мэдлэг, мэдээлэл сайжирсан гэв. Үндэсний хэмжээнд мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа өргөн хүрээтэй явагддаг болсныг дурдав. Илтгэлийн сэдвийн хүрээнд 2021-2023 онд нийт 16 судалгаа хийгдсэн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд 2023 онд үнэлгээ хийгдсэн байна.
Улсын төсвөөс 2020-2023 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 10 тэрбум төгрөгийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Гэсэн ч гэр бүлийн хүчирхийлэл жил тутам нэмэгдэж, хэлбэр рүү шилжиж байгааг анхааруулж байв. Ноцтой хэлбэр гэдэг цахим хэлбэрээр мөрдөж, заналхийлэн, амиа хорлох хүртэл дарамтлах гэх зэргээр хуульд томьёологдоогүй хэлбэрээр үйлдэгддэг болсныг хэлж байгаа аж. 2017-2024 онд 9610 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 116 хүн нас барж, 8000 шахам хүн гэмтсэн байна. Гэтэл криминологи шинжилгээ, судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн 10 гэмт хэрэг тутмын 1 нь л илэрч, үлдсэн 9 нь нуугдмал байгаа гэдэг дүн гарсныг мөн дурдаж байв. Энэ төрлийн гэмт хэргийн нөлөө нь хохирогч, тухайн гэр бүлд тусах төдийгүй нийгэмд асар хортой үр дагавар үүсгэж байдгийг илтгэлд дурдсан. Жирэмсэн үедээ зодуулснаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх, үр зулбах, сэтгэцийн гэмтэлд өртөх гээд өргөн хүрээнд анхаарч, шийдэх шаардлагатай гэв. Үүнд хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл буурч байгаа, ёс суртахууны уналтад орж байгаа, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын гүнзгийрэл, архидалт, жендэрийн уламжлалт хандлагууд нөлөөлж байгаа гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй асуудлуудыг Н.Арвинтариа захирал танилцууллаа. Төрөөс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөлт байхгүйгээс хэрэгжих боломжгүй, хяналтгүй, уялдаагүй байна гэв. Мөн санхүүжилт тогтворгүй, төсөв дутмаг /олон улсын төсөл, хөтөлбөрөөс хамааралтай/, мэдээллийн сан байхгүй, статистикийн уялдаа сул, салангид байгааг дурдсан юм. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд ногдуулах хариуцлагын тогтолцоо зөрчилтэй байдгийг мөн жишээ татаж байв. Эрүүгийн хуулиар хохирогчидтой уулзахаар оролдохыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдахыг даалгах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох зэрэг арга хэмжээ авахаар тусгасан бол Зөрчлийн тухай хуулиар шууд баривчилдаг. Нэг төрлийн үйлдэлд хариуцлага оногдуулж буй энэ мэт хууль хоорондын зөрчлийг эргэж харах шаардлагатай гэв. Гомдлын мөрөөр шууд баривчлахаар нөгөө хүн ажлаасаа халагддаг, үүнээс үүдэн гэр бүлийн зөрчил улам даамжирдаг, улмаар далд хэлбэр рүү ороход нөлөөлж байхыг бас үгүйсгэхгүй гэв. ТХБ, НЦҮТ-ийн санхүүжилт, хүний нөөц, орон байрны нөхцөл хангалтгүй, санхүүжилтгүйн улмаас энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд маш цөөрч байгаа, үүний хамт маш их ур чадвар, мэдлэг туршлагууд хаягдаж байгаа гэдгийг бодох хэрэгтэй гэлээ. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтын тогтолцоо сул хэвээрээ байгаад байгааг Н.Арвинтариа захирал хэлээд “Энэ сургалт чанартай явагдаж чадах юм бол гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэгдэхгүй байх боломжууд нээгдэх юм. Гэвч сургалт явуулах санхүүжилт байхгүй, сургагч багш дутмаг, сургалтын хөтөлбөр, гарын авлагууд нь шаардлага хангахгүй байгаа” гэв. Мөн эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ хангалтгүй, боловсрол, эрүүл мэнд, соёл, хэвлэл мэдээллийн оролцоо сул, зарим ухралт гарсан, салбар дундын уялдаа холбоо сул байгааг хэлээд тулгарч байгаа асуудлуудад үндэслэн зөвлөмж гаргаснаа дэлгэрэнгүй танилцуулсан.
Улсын Их Хурал нь төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлох; Хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах; гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагааны зардлыг 2026 оны /цаашид жил бүр/ улсын төсөвт тусган батлах шаардлагатай гэлээ.
Засгийн газар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг Улсын Их Хуралд тайлагнан, хэлэлцүүлэх;
жил бүр улсын төсөвт хуулийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгуулах; энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж, дэмжих талаарх зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид тусгах чиглэлээр ажиллах нь үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа аж.
Үүний зэрэгцээ сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх; хүчирхийлэл үйлдэгч болон эрсдэлт бүлэгт зориулсан зан үйлд нөлөөлөх сайн дурын болон албадан сургалтыг үр дүнтэй явуулах; статистик мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, бодлогыг үндэслэлтэй боловсруулахад ашиглах; Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сайжруулах, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтыг оновчтой болгох; салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Илтгэлийнхээ төгсгөлд Н.Арвинтариа захирал “Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн хувь хүний хариуцлага биш. Энэ бол төрийн ч гэсэн хариуцлага юм шүү. Та бидний өнөөдрийн зүтгэл, хамтын шийдвэр маргааш хэн нэгний амь насыг аварч чадна” гэлээ.
Дараа нь “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогч/даван туулагчдад үзүүлж буй нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл танилцуулав. Насанд хүрээгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас энэ сэдвээр, дэд сэдвийн хүрээнд ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн талаар илтгэлийг танилцуулж байгаагаа илтгэгч эхэнд нь дурдсан. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн тоо 2020 оноос хойш жил тутам өссөөр байгаа ч мэдээллийн сан нэгдмэл бус учраас цагдаа, хүчирхийллийн төвүүд, шүүхийн баримт, Гэр бүлийн хөгжил хамгааллын газрын тоо баримтууд тус тусдаа, өөр өөр байдгийг тодотгож байв. Монгол Улсын гэмт хэргийн цагаан номд хүүхдийн эсрэг хүчирхийллийн 60-70 хувь нь гэрт нь үйлдэгдсэн байдаг хэмээн тэмдэглэгдсэн байдаг бол тус төрийн бус байгууллагын кэйс судалгаа ч үүнийг нотолдог гэв. Мөн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг болохыг нийгэм даяараа онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Нэг удаагаас нэг жил, бүр 10 жилийн турш үргэлжилсэн тохиолдол байгааг дурдсан.
Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн суурь судалгаа хангалтгүй байгаа учраас холбогдох статистик мэдээллийг нарийвчлан бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл буюу криминологийн судалгааг үндэсний хэмжээнд хийх шаардлагатай байгааг дэлгэрэнгүй тайлбарласан. Хохирогч/даван туулагч хүүхдүүд дахин хохирох эсвэл гэмт хэргийн холбогдогч болж байгаа тул хохирсон, хохирох эрсдэлт нөхцөлд байгаа эсвэл дахин хохирогч болсон хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийн судалгаа гаргах шаардлагатай гэдэг саналыг танилцуулсан. Хохирогч/даван туулагч хүүхэд нь сэтгэцийн гэмтэл авдаг, энэ нь хүний амьдралын чанар, зан үйл, нийгмийн харилцаа, сэтгэхүй, сэтгэл зүй гээд бүх зүйлд нөлөөлдөг учраас чанартай арга хэмжээг эрт хугацаанд нь авч чадаагүйгээс гэмт хэрэгтэн болох эрсдэл дагуулдаг аж.
Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээтэй холбоотой нөхцөл байдал, шийдлийн талаар үргэлжлүүлэн танилцуулсан. Сэдвийн хүрээн дэх нөхцөлд ажиллах шаардлагатай мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх шаардлагын талаар тайлбарлаж, мэргэшээгүй тохиолдолд гаргаж буй сөрөг үр дагавруудыг мөн танилцуулсан. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн сэтгэцийн гэмтэл, мэргэжлийн ёс зүйн талаар ойлголт мэдлэг сул байгаа нь үйлчлүүлэгчдэд дахин сэтгэцийн гэмтэл учруулах эрсдэл үүсгэдэг байна. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар бүх шатны үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад хяналт тавих чиг үүргээ хангаж ажилладаг байх шаардлагатай гэдэг саналыг танилцууллаа.
Хохирогч/даван туулагч хүүхдэд удаан хугацааны тогтвортой хамгааллын үйлчилгээг төлөвлөж үзүүлдэггүй. Хохирогч хүүхдийн сэтгэцийн гэмтэл насан туршийнх байдаг учраас удаан хугацааны, тасралтгүй, тогтвортой, мэргэжлийн ёс зүйтэй, сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг тогтвортой үзүүлэх шаардлагатай байдаг гэв. Ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болохтой зэрэгцэн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ тогтвортой үргэлжилдэггүй болохыг тайлбарлав. Иймд хүүхэд хамгааллын үйлчилгээний шаталсан загвар бий болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон ч хүүхэд хамгааллын үйлчилгээ тасалдахгүй байхад хяналт тавих зохицуулалт бий болгох, үйлчилгээний чанар, хүртээмжид жил тутам хяналт, үнэлгээ хийх шийдлийг санал болгож буйгаа танилцууллаа.
Энэ талбарт мэргэжлийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо хумигдаж байгааг онцлоод гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудыг орон нутагт хүрч ажиллахад бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэв. Төрийн зүгээс энэ чиглэлээр бодлого, шийдвэр боловсруулах, төлөвлөх, гаргахдаа иргэний нийгмийн төрөлжсөн, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, оновчтой бодлого боловсруулж, санхүүжилт төсөвлөх, стандарт, дүрэм журмаа нарийвчлаад, шаардлагатай бол иргэний нийгмийн төрөлжсөн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж бий гэв.
Үргэлжлүүлэн “Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу гэр бүлд чиглэсэн үйлчилгээний чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн саналаа танилцуулсан. Ураг төрлийн хүрээний бэлгийн хүчирхийлэл нь нотлох баримтгүй, улмаар хохирогч хүүхэд жирэмсэн болоод айж ичиж, нууж, дарагдуулж явсаар байгаад үр хөндүүлэх боломжгүй болж, төрөх болоход тухайн тохиолдолд тохирсон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалтгүй, эрсдэл өдөөж байдгийг дурдаж байсан. Энэ төрлийн хүчирхийллийн улмаас төрж байгаа нярай нь удамшлын сангийн өөрчлөлттэй байх эрсдэл өндөр учраас тухайн хүүхдийн гэр бүл асарч, хамгаалж нөхцөл үүсдэг гэлээ. Энэ мэт уялдаа холбоогүй, зөрчилдөөнтэй, хүүхдэд ээлгүй нөхцөл нь эргээд хохирсон, даван туулагч хүүхдийг дахин дахин хохироодог болохыг анхаарах шаардлагатай хэлж байв. Хохирогч/даван туулагч хүүхдэд гэр бүлийн орчинд эсвэл гэр бүлээс тусгаарлах, түр хамгаалах байр эсвэл төрөл садных нь гэрт шилжүүлэх байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг. Гэвч гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхгүй, улмаар хүүхэд гэрээсээ дайжих, дахин хүчирхийллийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдож тохиолдлууд гарч байгаа аж. Иймд хүчирхийллийн харилцаатай эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын хөтөлбөрт хамруулахад бодлогын зохицуулалт хийх шаардлагатай гэв. Гэр бүлд чиглэсэн үйлчилгээний заавал үзүүлэх хугацааг хамгийн багадаа 3 сараас доошгүй байлгахаар зохицуулах, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоодог байх шаардлагатай болохыг тайлбарлав. Түүнчлэн гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэгдсэн стандарт, санхүүжилт, хүний нөөцийн шаардлага тогтоох зэрэг саналуудыг танилцууллаа.
Уулзалт-хэлэлцүүлэгт “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Хөөрхөн зүрх”, “Бүсгүйчүүд XXI зуун төв”, “Захиргааны санаачилга”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагууд болон “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээ, Гүнж төв, Хууль хүний эрх төв, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Эмнести интернэшнл байгууллагын төлөөлөл, ХЗБХЯ-ны Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн Хүүхэд хамгааллын дэд зөвлөлийн төлөөлөл оролцсон юм. Илтгэлүүдийн хүрээнд болон тус бүрийн үйл ажиллагааны чиглэлээрх нөхцөл байдлуудын талаарх мэдээллээ хуваалцаж, шийдэл, саналуудаа хэлэлцэв.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд уулзалт-хэлэлцүүлэг маш үр дүнтэй болж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, оролцогчид нэн тэргүүнд холбогдох тоон мэдээллийг нэгтгэдэг сан бий болгох, бодит тоон мэдээлэлд үндэслэн оновчтой шийдлийг шуурхай авч хэрэгжүүлдэг байх, төрийн бодлогын уялдааг хангах, санхүүжилтийг тодорхой, хэмжих нэгжтэй, ил тод болгох хүний эрхийг зөрчсөн хууль давсан журмуудыг цэгцлэх саналууд гаргасныг тэмдэглэлээ. Тиймээс энэ хүрээнд төрийн болон иргэний нийгмийн мэргэшсэн байгууллагуудын хамтарсан уулзалтуудыг зохион байгуулах, төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа Хүний эрхийн форумаас нэгтгэн боловсруулж ирүүлснээр Засгийн газрын холбогдох яамдад хүргүүлэх, үр өгөөжтэй, ач холбогдол өндөртэй судалгаа шинжилгээг тал бүрдээ хийх, дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн холбогдох мэдээллийг өгөх сувгийг өргөжүүлэх, хялбаршуулах, энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах зэрэг ажлыг төлөвлөн, зөвшилцөв.
Ийнхүү уулзалт-хэлэлцүүлгийн төгсгөлд “Та бидний хамтын ажиллагаа ирээдүйд чиглэсэн, үр дүнтэй байна гэж найдаж байна. Бидний уулзалт-хэлэлцүүлэг, үүний мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлууд бол онцгой чухал ач холбогдолтой, том үйл хэрэг гэж бодож байна. Хүний эрхийн асуудал дунд “жижиг” асуудал гэж байдаггүй. Өнөөдрийг хүртэл зүрх сэтгэлээсээ, итгэл үнэмшлээрээ хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулсаар байгаа иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүд Та бүхэндээ талархал илэрхийлж, амжилт хүсье” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.