Цэс

Холбоо барих

ТБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулсныг дурдаад нэр дэвшигчийг танилцуулав.  

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд нэр дэвшигч Бөхбат овогтой Бат-Эрдэнэ нь 1985 онд төрсөн, 40 настай. 1993-2003 онд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Далайван дунд сургууль, 2003-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2004-2010 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийг  барилгын инженер мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2008 онд "АПУ" ХК-д санхүүгийн мэргэжилтэн, 2008 онд  хөрөнгө оруулалтын “Юу “Ти И Эй” ХХК-д судалгааны мэргэжилтэн, 2010 онд “Хера-Экуйпмент" ХХК-д борлуулалтын мэргэжилтэн, 2010-2011 онд Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016-2017 онд “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2018-2022 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Борлуулалт хариуцсан дэд захирал, 2023-2024 онд Барилга, хот байгуулалтын яаманд зөвлөх, 2024 оноос “Кибер жаал” ХХК-д санхүүгийн зөвлөх, 2025 оноос “Хөвсгөл мөнгөн од” ХХК-д санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна гэв.

Дараа нь нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Баясгалан танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан гэв.

Мөн Төсвийн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг хүлээн авахаар зарыг олон нийтэд хүргэснийг дурдаад уг сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд болон нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, зарын дагуу бүртгүүлсэн нэг оролцогч оролцсон гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улсын  Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Б.Бат-Эрдэнийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг сонсгол даргалагч танилцуулгадаа онцолсон.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшсэн сонсголын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ

Дараа нь Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцсэн.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уг тайлангийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг гишүүдэд тараасныг мэдэгдлээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тайлангийн талаар танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг баталсан. Энэхүү стратегийн баримт бичгийн хүрээнд дунд хугацаанд өрийн удирдлагын чиглэлээр баримтлах үндсэн 6 зорилт, 23 хэрэгжүүлэх арга хэмжээ болон Засгийн газрын өрийн багцын 4 зорилтот түвшнийг тодорхойлсныг онцлов.

Мөн стратегийн баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдээс товч танилцуулав. Тодруулбал, “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилт”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, “Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төсөл” зэрэг бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төслүүдийн санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн. Засгийн газрын гадаад үнэт цаасны хувьд Сенчири-2, Сенчири-3, Сенчири-4 зэрэг нийт 1.5 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан. Мөн арилжааны нөхцөлтэй бондын үлдэгдлийг 2023 оноос хойш 238 сая ам.доллароор бууруулснаар 2.5 тэрбум ам.доллар болсон. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь буурч, төлбөрийн дарамт багассан, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан зэргийг үнэлэн, зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын гол гурван агентлаг болох Фитч, Эс энд Пи, Мүүдис агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+, B2 болгон нэмэгдүүлсэн гэж байлаа.


Түүнчлэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төлөх байсан 29 сая еврогийн гадаад зээлийн төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, эрүүл мэндийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Өр хөрвүүлэх хэлэлцээрийг Германы KFW банк болон Глобаль сантай байгуулсан. Зах зээлийн хөгжлийг дэмжиж, хөрөнгийн зах зээлд төгрөгийн суурь хүүгийн түвшнийг тогтоох зорилгоор 2025 оны 4 дүгээр сараас дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлээд байна. Стратегийн томоохон төслүүд болох “Чойбалсан дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх”, “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах ” зэрэг төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан гэж байлаа.

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг хэрэгжүүлснээр Засгийн газрын өр 2024 оны жилийн эцсийн байдлаар 33.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 41.8 хувьтай тэнцэж, 2022 оны жилийн эцсээс 18.7 хувиар, хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ 0.7 хувиар тус тус буураад байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд бүрэн дуусах бөгөөд Сангийн яамнаас стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, өрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг тодотголоо.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр 2024 онд 11, нийтдээ 21 гэрээ байгуулсны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөх төслийн санхүүжилтэд аудит хийсэн эсэхийг лавласан. Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням хариултдаа, Засгийн газрын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн аудитын хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх ажлын төслийн өрийн баталгааг Засгийн газраас гаргаж, хэрэгжүүлэхээр орсон.  Энэхүү төслийн хөрөнгө оруулалтын ажлын тайлан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын нэгдсэн тайлангийн хөрөнгө оруулалтын хэсэгт тусгаж тайлагнана. Тайлан хараахан бэлэн болоогүй байна гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал гадаадын зээл, тусламжуудыг өөрийнхөө үйл ажиллагаагаар зээлийнхээ хөрөнгийг эргүүлээд хаах хэмжээний боломжтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зарчимд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулж байв. 


Өрийн удирдлагын стратегийг авч хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д  эзлэх өрийн харьцааг тогтмол бууруулсан. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-д эзлэх өрийн үлдэгдэл 41.8, 2025 оны 1 дүгээр улиралд 37.2 хувьтай байгаа бөгөөд 2025 оны хүлээгдэж буй  гүйцэтгэлээр 41 хувьд өрийнхөө харьцааг барих зорилттой байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн тааз ДНБ-ий 60 хувьд байна гэж заасан. Батлагдсан байгаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 онд 55, 2026 онд 50 хувь байх, 2027 оноос хойш 45 хувьд барих энэ зорилтыг хэрэгжүүлж байна. 2025 оны батлагдсан төсөвт гадаад зээлийн ашиглалтын хэмжээ нийт 1.5 их наяд төгрөг байгаа хэмээн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар гадаад зээлийн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн хэмжээнд тооцогдох хүүгийн шимтгэлд мөнгө төлж буй асуудлыг цэгцлэх шаардлагатай талаар санал хэлсэн.


Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хариултдаа, Үндэсний аудитын газраас “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”-д аудит хийснийг дурдаад уг тайланд 14 чиглэлээр дүгнэлт гаргаж, найман зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид Д.Цогтбаатар гишүүний хөндсөн асуудлыг тусгасан. Тухайлбал,  2023 онд 12.1 тэрбум, 2024 онд 39.4 тэрбум төгрөгийг гадаад зээлийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн шимтгэлд төлсөн байна. Иймд гадаад зээлийг авч хэрэгжүүлэхдээ төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай гэж зөвлөмжид тусгасныг онцлов.

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль, тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Манай улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсөж, нэрлэсэн ДНБ 80 их наяд төгрөгт, нэг хүнд ноогдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0, 2027-2028 онд 6.5 хувь тус тус байхаар тооцож тусгалаа. Дунд хугацаанд зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг голлох бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт тогтворжих бол, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ боловсруулах болон барилгын салбарын өсөлтийн нөлөөгөөр уурхайн бус салбарын өсөлт 6.0 хувиас дээш буюу тогтвортой хадгалагдахаар тооцож байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдлаа.


Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 2026 онд 33.5 их наяд төгрөг, 2027 онд 35.6 их наяд төгрөг, 2028 онд 39.1 их наяд төгрөг байхаар тусгасан байна. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагыг 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж, үе шат шаттай буурахаар төлөвлөсөн. Төсвийн зардлын нийт эдийн засаг дахь харьцааг ийнхүү хязгаарласнаар цаашид эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулах, ингэснээр зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэх, эдийн засаг дахь төрийн оролцоо багасах, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх зэрэг бодит ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд тус тус ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасан байна.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасныг Шадар сайд дурдахын зэрэгцээ Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг онцлов.

Хууль, тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй тул хоёр саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл