Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.
Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулсан.
Улсын Их Хурал 2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулахаар тусгасан хэмээлээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг 189 хороонд нийт 3341 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 14 хот, 42 хорооллоор дамжуулан төрийн үйлчилгээг үзүүлэхэд урьдчилсан байдлаар 2380 төрийн албан хаагч ажиллах тооцоолол гарчээ. Тиймээс ажлын байрны давхардал, орон тооны цомхотгол, шинэ бүтэц зохион байгуулалт гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг сайд Р.Эрдэнэбүрэн тодотгосон.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд орсон зарчмын өөрчлөлт бол хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь хот, тосгоны Зөвлөл байх зохицуулалт аж. Хот нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 69.1, 69.2-т заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд 31 нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан ч уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой бэлтгэл хангах шаардлагатай гэж үзсэн байна.
Иймд Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай болон үүнтэй холбогдуулан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцуулав.
Ажлын хэсэг хуралдаанаараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “20 минутын хот” Үндэсний хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл сонсож, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцжээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ажлын хэсгээс үзсэн байна. Үүнд:
· Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэх талаар судалгаа хийж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх;
· Монгол Улсын Засгийн газраас улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тогтоох талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх;
· Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан 54 хотын эдэлбэр газрыг зураглалыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэх, ялангуяа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй, шинээр зурагласан 8 хотын асуудал, улсын зэрэглэлтэй хот болгоход аймаг, сум дамнасан тохиолдолд газар зүйн байршил, хотын эдэлбэр, газрын хэмжээ зааг зэрэгт шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах;
· Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай дүрэм, журам, аргачлал зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах;
· Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль тогтоомжийн талаар Засгийн газар, 20 минут хот Үндэсний хороо ойлголтоо нэгтгэх, удирдлага зохион байгуулалт, ажлын уялдааг сайжруулахад анхаарах;
· Засгийн газраас иргэд, олон нийтэд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн талаар нэгдсэн ойлголт өгөх, мэдээллээр хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Ажлын хэсэг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд Засгийн газраас бэлтгэл ажлыг хангалттай хийгээгүй, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн тул уг хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр буюу 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдийн олонхын саналаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Сүнжид Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” сэдэвт илтгэлийг танилцуулсан юм.
ХЭҮК-оос УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үйл явц, 9 дэх удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл явцад болон сонгуулийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид харьцуулсан дүн шинжилгээ, цахим ялгаварлан гадуурхалд өртөж байгаа байдал, нэр төрийг гутаах нөхцөл байдалд кэйс судалгаа хийлгэсэн байна. Энэ дөрвөн судалгаандаа үндэслээд энэ илтгэлийг боловсруулсан гэлээ. Түүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг асуудал хариуцсан есөн байгууллагаас мэдээлэл, статистик тоо баримтыг авч, бүх нийтээрээ сонгууль өгөх зарчим, тэгш эрхийн зарчим, чөлөөтэй байх зарчим, нууцаар санал өгөх зарчим хэрхэн хангагдсанд дүн шинжилгээ хийжээ.
ХЭҮК аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн зохицуулалтыг өөрийнх нь онцлогийг тусгасан байдлаар шинэчлэн тусгах шаардлагатай хэмээн дүгнэжээ.
Мөн оюутан, дэд бүтэц, уул уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж байгаа ажилтнууд, тухайн оршин суугаа харьяаллаасаа өөр газар амьдарч байгаа иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг дүгнэлт хийсэн байна. Тиймээс цахимаар, урьдчилан, шуудангаар сонгууль өгөх олон хувилбараар иргэдэд сонгох эрхийг эдлүүлэх боломжийг хуулиар олгох нь зүйтэй гэж үзсэнийг тодотгосон.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг тогтоохдоо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас зөвлөсөнчлэн 10-15 хувийн хэлбэлзэлтэй байх зарчмыг үндэслэх нь зүйтэй гэдэг дүгнэлтийг танилцуулсан. Сонгуулийн сурталчилгааны 17 хоногийн хугацаанд сонгогчид нэр дэвшигчийн мэдээлэлтэй бүрэн танилцах, нэр дэвшигч өөрийгөө таниулах хугацаа хүрэлцэхгүй байна гэж үзсэн байна. Түүнээс гадна сонгууль өгөхдөө мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлахыг шаардах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусдын тусламжтайгаар саналаа өгөх үед саналаа нууцаар өгөх боломж хангагдахгүй байна гэж үзжээ.
Түүнчлэн сонгуулийн зардал, гомдол маргааны шийдвэрлэлттэй холбоотой гаргасан дүгнэлтүүд, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан.
Дараа нь ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрхийн хамгаалагчийн гол бүрэлдэхүүн хэсэг болох сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулсан юм.
Ингэхдээ ХЭҮК-т ирсэн гомдлууд, шүүхээр шийдэгдсэн кэйсүүдэд дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгаанд 430 орчим сэтгүүлч оролцсон гэлээ. Сэтгүүлчдийн зүгээс улс төрийн хараат нөхцөл байдал ажиллахад нөлөөлж байна, эдийн засгийн хувьд хараат бус байж чадахгүй байна, сэтгэл санааны болоод гадны хүчирхийлэлд өртөх нь их байна, сэтгүүлчдийг хууль бусаар цагдан хорьж, ял шийтгэл оноож үзэл бодлоо илэрхийлэхэд бэрхшээл учруулж байна гэсэн байр суурийг илэрхийлжээ. ХЭҮК-оос дүн шинжилгээ болон сэтгүүлчдийн байр суурьд үндэслэн есөн саналыг боловсруулснаа танилцуулсан юм.
Үүний долоо нь хууль тогтоомжтой холбоотой санал бөгөөд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн тусгах, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх, иргэний нэр төр, алдар хүндийн талаарх хуулийн зохицуулалтыг санаатай худал мэдээлэл тараах болон сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах гэсэн ойлголтыг ялгаж зохицуулах зэрэг саналуудыг тусгажээ.
Дээрх хоёр танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудлаар тодруулсан.
Тэрбээр одоо хүчин төгөлдөр байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа хөндөхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, тухайн редакцын чөлөөт байдал, эх сурвалжаа нууцлахтай холбоотой асуудлыг бусад хуулийн зохицуулалтуудаар хэрэгжүүлээд явах боломж бий эсэхийг лавласан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай гэж хуулиа явцууруулаад хэвлэл мэдээллийн байгууллагын тухай болгож өөрчлөх нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлээд, олон улсын сайн туршлагыг судалгааны хүрээндээ хэрхэн дүгнэсэн талаар асуусан.
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор ажиллах бөгөөд төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг нь бүрдүүлсэн байх шаардлагатай гэж үздэг гэлээ. Мөн дагаж гарсан бусад хуулиудаар аливаа хязгаарлалтыг хийхгүй байх нь зохимжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өргөн агуулгыг багтааж чадсан. Тийм учраас үүнийг хумихгүйгээр, өөрийн орны онцлог, нөхцөл байдалд тохирсон байдлаар хуульчлах нь чухал хэмээгээд, сэтгүүлч нууц материал олж аваад түүнийгээ мэдээлсний төлөө хариуцлага хүлээлгэж|, ял оноож байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл гэлээ. Тэрбээр, Хүний эрхийн хамгаалагчийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь сэтгүүлч байдаг. Сэтгүүлчийг олон улсын хэмжээнд хүний эрхийн хамгаалагч гэж үздэг учраас үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах, нийтийн мэдэх эрхийг хангах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нь өргөн агуулгаар хуульчилсан байдаг. Тийм учраас сэтгүүлчийг үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, хэвийн хэвийн явуулах боломжийг олгох шаардлагатай гэж ингэж үзсэн гэсэн хариултыг өгсөн юм.
Байнгын хороо ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.