Цэс

Холбоо барих

“Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын даргын 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.16/ үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэх, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах, төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүн шинжилгээ хоорондын уялдаа холбоог сайжруулах, Монгол Улсад үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагааны зураглалыг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг нээн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үг хэлсэн бөгөөд тэрбээр, “Улсын Их Хурлын  2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2024 оны гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн.  Хөгжлийн эдгээр бодлогын 2024 оны гүйцэтгэл 34-67.7 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн. Түүнчлэн Засгийн газраас 2024 оны жилийн эцсийн байдлаар тайлагнаж ирүүлсэн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлангийн биелэлт дунджаар 53.9 хувь буюу  хэрэгжих шатанд байна. Тайлагнаж ирүүлэхгүй байгаа  Улсын Их Хурлын шийдвэрүүдийг хэрэгжээгүй гэж үзвэл биелэлт улсын хэмжээнд 30 хувь байна. Монгол төрийн бодлого, Улсын Их Хурлаас гарч буй  шийдвэр хэрэгждэг байх ёстой. Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналт-шинжилгээ үнэлгээ, аудит, дүн шинжилгээг нэгдмэл цогц байдлаар  хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ.

Өнөөдрийн байдлаар, бид хууль тогтоомжийн биелэлт, хөгжлийн бодлогын хэрэгжилт болон захиргааны байгууллагын гүйцэтгэлийн 35 мянга гаруй арга хэмжээг тайлагнаж, үнэлж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж, арга хэмжээгээ тайлагнаж, үнэлсээр хөгжлийн бодлогын үр дүн, үр нөлөө, амьдралын чанар дээшилсэн эсэхийг хэмжиж чадахгүй байна.

Тодорхой нэг арга хэмжээ хэрэгжсэн эсэх нь мэдээж чухал боловч эдгээр арга хэмжээ нь үр дүнд хүрэх, хөгжлийн бодлогын зорилго, зорилт хангагдах, ингэснээр хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр, үр дүнгээ өгч, ард иргэдийн амьдралын чанар дээшлэх нь илүү чухал юм. Иймд цаашид  хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтын уялдаа, нийцэлд анхаарах, үндэсний түвшинд хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлт боловсруулах, төлөвлөлтийн суурь түвшин, хүрэх түвшинг оновчтой тодорхойлох, хөгжлийн бодлогын үр дүн, үр нөлөөг хэмжиж, үнэлж, дүгнэдэг байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Монгол Улс үр дүнд суурилсан орчин үеийн төсвийн удирдлагын тогтолцооны үндсийг тавьж эхэлж байна. 2024 оноос эхлэн төсвийн ерөнхийлөн захирагчид гүйцэтгэлийн болон зарлагын тайлан гаргаж эхэлсэн. Энэ жилээс эхлэн төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, орон нутгийн засаг, захиргаанууд үр дүнд суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Энэхүү техникийн туслалцааны гол үр дүн нь төсөв болон бодлогын хяналт, шинжилгээний уялдаа холбоог хангаж чадсан явдал юм. Эдийн засаг, хөгжлийн яам Улсын Их Хурлын баталсан аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг тусгаж, үндэсний болон салбарын зорилттой бүрэн уялдуулсан. Энэхүү баримт бичиг нь улсын болон орон нутгийн төсвийн бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм” гэв.


Хэлэлцүүлэг үргэлжилж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “Үнэлгээ, мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Цаашид үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт хийх, шалгуур үзүүлэлтийг оновчтой боловсруулах, үндэсний хэмжээний шалгуур үзүүлэлтийн сантай болох, баримт бичгүүдийн уялдааг сайжруулах болон хяналт- шинжилгээ, үнэлгээ, аудитын дүгнэлт, дүн шинжилгээ, үр дүн, зөвлөмжид үндэслэн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, алдаа дутагдлыг залруулах, үнэлгээ мониторингийн тогтолцоог үр дүнд суурилуулан боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг онцоллоо.


Үүний дараа Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын 2020-2025 оны хэрэгжилтийн тайлангийн ажлын танилцуулга, "Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт" болон "Европын Холбооны төсвийн дэмжлэг, үнэлгээ, мониторингийн тогтолцооны туршлага"-ын талаар сонсов.


Үндсэн илтгэлүүдийн дараа “Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, төлөвлөлтийн уялдаа холбоо” сэдвээр панел хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдоос гаргасан асуултуудад хариулснаар өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөлөө. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Засгийн газар иргэд, аж ахуй нэгжийн төлсөн татварын төгрөг бүрийг үр дүнтэй зүйлд зарцуулж, нийгэм, эдийн засаг сайжрах ёстой. Улсын Их Хурал үүнд хяналт тавьж, хэрэгжилтийн тайлантай танилцаж, олон нийтэд мэдээллэх, ойлгуулах ажлыг хийх ёстой. Улсын Их Хурлын даргын 185 дугаар захирамжаар байгуулагдсан үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгох хөгжлийн бодлогын төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдааг хангахад төвлөрч ажиллах буюу төсөв болон хяналт-үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг оновчлох ажлын хэсгүүдийг ахалж ажиллаж байна” хэмээн тодотгов.


Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц чиглүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Европын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж, төрийн байгууллага, яамдын хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан 120 гаруй албан хаагч оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл