“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолуудаар Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Техникийн зохицуулалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Уг тогтоолын хавсралтаар “Цахилгаан эрчим хүчийг хэмжих, тооцох зориулалттай хэмжих хэрэгслийн техникийн зохицуулалт”-ыг баталжээ. Техникийн зохицуулалтын зорилго нь цахилгаан эрчим хүчийг хэмжих, тооцох зориулалттай хэмжүүрийн трансформатор, цахилгааны тоолуур зэрэг цахилгааны хэмжих хэрэгсэлд заавал тавих хэмжил зүйн, техникийн, ажиллагааны тусгай шаардлагыг тогтоож, зах зээл, хэрэглэгчдийг хуурамч бүтээгдэхүүний эрсдэлээс хамгаалахад орших бөгөөд техникийн зохицуулалтад цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглэгчийн хэмжүүрийн гүйдлийн ба хэмжүүрийн хүчдэлийн трансформатор, идэвхтэй, идэвхгүй цахилгааны тоолуур хамаарах юм байна.
Техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахилгааны хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, суурилуулах, засварлах, загварын туршилт, шалгалт баталгаажуулалт гүйцэтгэх эрх бүхий хэмжил зүйн байгууллага, ашиглах иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.