Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх “LEVEL UP” хөтөлбөрийг нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд мөнгийг оновчтой удирдаж, хэрэглээгээ ухаалаг төлөвлөх замаар зохистой дадал хэвшлийг төлөвшүүлж, санхүүгийн боловсролтой, ирээдүйн хуримтлалтай болгоход чиглэсэн онолын болон практик сургалтуудаас гадна тэмцээн, уралдаан, олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Увс болон Завхан аймагт албан ёсоор нээлтээ хийсэн “LEVEL UP” хөтөлбөрт хоёр аймгийн нийт 821 сурагч хамрагдаж, 27 сургагч багшийг чадавхжуулсан байна. Энэ өдрүүдэд Увс, Завхан аймгуудад хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, хамрагдсан нийт сурагчдад батламж гардуулан, шилдгүүдээ тодрууллаа. Тус хөтөлбөрийн Увс аймаг дахь хаалтын үйл ажиллагааны үеэр, ахлах ангийн сурагчдын санхүү, эдийн засгийн цогц мэдлэгийг дээшлүүлэхээс гадна мэтгэлцэх ур чадварыг дэмжиж, шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тэмцээн, цахим орчин дахь нөлөөллийн ажлууд болон сурагчдын дэвшүүлсэн онцлох санаачилгуудаас танилцуулж байв.
Сурагчид санхүүгийн мэдлэгийг бусдадаа түгээж, зөв хэвшил, ухаалаг хэрэглээг сурталчилсан уриалга бүхий контент бүтээж, орон нутагтаа олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулснаас гадна Дэлхийн мөнгөний долоо хоног буюу Global Money Week анги хамт олноороо нэгджээ. Энэ үеэр хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн үнэлгээгээр нийт дөрвөн багш, хоёр сургуулийг шалгаруулсан бол Увс аймагт “Шинийг санаачлагч аймаг” цомыг хадгалуулав.
Түүнчлэн Завхан аймгийн тухайд ахлах ангийн 511 сурагч “LEVEL UP” хөтөлбөрт хамрагдаж, хэрэгжилтийн үнэлгээгээр ерөнхий боловсролын хоёр сургууль, гурван багшийг тодрууллаа. Сургалтын агуулгад төдийлэн тусгагдаагүй бизнес, хөрөнгө оруулалтын үндсэн зарчим, хуримтлал ба хадгаламжийн суурь ойлголт, орлого болон зарлагаа удирдаж, эрсдэлээ тооцоолох аргачлал гэхчилэн ахлах ангийн сурагчдад чухал ач холбогдолтой хичээлүүд байсныг сурагчдын төлөөлөл онцолж байв. Энэ оны нэгдүгээр сараас эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд хэрэгжсэн “LEVEL UP” хөтөлбөрт нийт 5000 гаруй сурагчид хамрагдаж, ийнхүү сурсан дадал, эзэмшсэн мэдлэгээ хуваалцаж, үр дүнгийн уулзалтуудаа зохион байгуулсаар байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.