Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.21) хуралдаан 11 цаг 48 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авав. Жилийн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр холбогдох зорилт, арга хэмжээ тусгасантай холбогдуулан тодруулга хийхэд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын албан тушаалтан Б.Эрдэнэбат хариулт өгсөн. Төсөлд төрийн албанд шинэчлэл хийх хүрээнд хэд хэдэн ажил туссан гэлээ. Сүүлийн 12 жилийн байдлаар төрийн албан хаагчдын тоо 40 орчим хувиар өссөн юм байна. Үүн дотроо улс төрийн алба 36.6 хувь, төрийн захиргааны алба 31.9 хувь, төрийн тусгай алба 70.5 хувь, төрийн үйлчилгээний алба 32.7 хувиар өссөн. Иймд төрийн албыг цомхотгох, хэмнэх агуулгаас гадна чиг үүргийн оновчлол, үр ашгийн өсөлт бий болгох, технологи нэвтрүүлэх, төсвийн хэмнэлт зэргийг хослуулахаар стратегийн реформ хийхээр зорьж байгаа хэмээгээд арга зүйн талаараа дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ хүрээнд урьдчилсан судалгаагаар эхний ээлжинд буюу 2026 онд 9 хувиар цомхотгох боломжтой гэдэг тооцооллыг хийжээ. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Сангийн яам 2025 онд 230.9 мянган төрийн албаны орон тоо төлөвлөж, төсөвт тусган. 2016 онд 186.4 мянга байсан бол өнөөдөр 44 орчим мянгаар нэмэгдсэн байгаа. Тэр дундаа төрийн тусгай алба хаагчдын орон тоо 4100 орчмоор нэмэгдсэн бол шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг нээгдэхтэй зэрэгцээд төрийн үйлчилгээний алба 154.1 мянга байсны дээр 34 мянган орон тоо шинээр нэмэгджээ” гэдэг хариултыг өгсөн. Иймд төрийн албаны реформын хүрээнд нэн тэргүүнд төрийн чиг үүргийг нарийвчлан, цогц шинжилгээ хийж тодорхойлсны дараа салбар бүр дээр бүтэц, орон тоог тооцох нөхцөл бүрдэнэ гэв.
Зарим байгууллагын дэргэдэх урлагийн чуулга, спорт хороог татан буулгах, захиргааны албаны чиг үүргийн давхардлыг оновчлох чиглэлээр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа О.Алтангэрэл сайд дурдаад хууль сахиулах байгууллагын хэмжээнд орон тоо хасах, танах боломжгүй гэв. Хууль сахиулах байгууллагуудын тухайд хуулиар нэмэгдэж буй чиг үүргүүдийг хэрэгжүүлэхийн тулд орон тоо нэмэх шаардлагатай байгаа талаар мэдээлэл өгч, тайлбарлаж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэцтэй холбоотой асуултад ажлын хэсгээс хариулахдаа нийт 159 орон тоотой байхаар батлагдсан хэдий ч 109 орон тоотой бол ажиллаж байгаа гэлээ. Хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тус байгууллагаас тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх хүрээнд саналаа хүргүүлсэн гэв. Тухайлбал, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахаар шүүх хуралдааныг шууд дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлаа хүргүүлсэн нь төсөлд тусгагдаад байгаа аж. Мөн цахимжуулалт нэвтрүүлэх хүрээнд тоног төхөөрөмжүүдийн судалгаа, шаардлагатай тооцооллоо хүргүүлсэн гэв. Түүнчлэн шүүхийн зохион байгуулалтад орсон өөрчлөлтийн дагуу ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдах ёстой, холбогдох саналаа хүргүүлсэн гэдэг хариултыг өгсөн.
Чиг үүргийн давхардлыг шинжилж үзээд, олон улсын жишиг арга зүйгээр төрийн албаны реформыг хийх гэж байгаагаа олон нийтэд ойлгомжтой тайлбарлах шаардлагатай байгааг П.Сайнзориг гишүүн хэллээ. Мөн хууль сахиулах байгууллага болон шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжилтыг нэгдсэн системээр явуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж ХБНГУ-ын жишээг дурдаж, саналаа танилцуулж байв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах санаачилга гарган, олон улсын байгууллагууд дэмжсэн болохыг дурдаад ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд үүнтэй холбоотой зорилт, арга хэмжээг тусгах санал хэллээ.
Ийнхүү Байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.