Цэс

Холбоо барих

БОХХААБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаан 14 цаг 02 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар говийн болон баруун бүсийн ноолуур бэлтгэлийн ажлын явц байдал, түүхийн эдийн үнэ ханш, улмаар ирэх жилийн ноолуур бэлтгэх ажлын зохион байгуулалтын талаар лавласан бол, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийн дэмжлэг, урамшуулал, чөлөөлөлтийн асуудлуудыг 2026 онд хэрхэн төлөвлөсөн талаар, мөн баруун бүс  нутаг дахь газар тариалангийн үйлдвэрлэлийн хүчин чадлуудыг сэргээх асуудлыг Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан эсэхийг тус тус тодруулав.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй долоон саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, төсөлд “Цөлжилттэй тэмцэх, гангийн үр нөлөөг бууруулах, бэлчээрийн газрын тогтвортой менежментийг сайжруулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлнэ.” гэсэн заалт нэмэх Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаагийн саналыг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд баруун бүс нутгийн өмнөх түвшиндээ хүрч чадахгүй байгаа газар тариалан, гурилын үйлдвэрийг сэргээн хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлж, үйлдвэрлэл, хангалтыг нэмэгдүүлэх суурийг тавих”, “Газар тариалангийн салбарт үрийн үйлдвэрлэл, чанарт тавих стандартыг онцгой анхаарч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон өндөр ургац өгдөг, чанартай, баталгаат үрээр хангах үрийн аж ахуйнуудыг бэхжүүлэх дэмжлэг урамшууллын тогтолцоо нэвтрүүлнэ.”, “Хүн амын хүнсний гол нэр, төрлийн бүтээгдэхүүн хүнсний түүхий эд улаан буудайн стратегийн нөөцийг бүрэн бүрдүүлэх.” гэсэн заалт нэмэх Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан гурван саналыг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.


Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг төслийн 1 дүгээр хавсралтын 1.2 дахь хэсэгт “Шинэ хоршоо-Чинээлэг малчин арга хэмжээг эрчимжүүлж, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоог сумдаар бүсчлэн байгуулж, бүсийн онцлогт тохирсон газар зүйн заалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд “Шинэ хоршоо 2.0” арга хэмжээг хэрэгжүүлнэ.”, мөн төслийн 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсэгт “Малчин залуу-манлайлагч арга хэмжээг үргэлжүүлж, малчид хоршоологчдод мал аж ахуйн гаралтай түүхий эд, бэлтгэлийн үйл ажиллагаанд бүс нутаг, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг эзэмших, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах ур чадварыг гадаад улсад олгоход чиглэсэн төслийг хэрэгжүүлнэ.”, төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт  “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн үе шат бүрд стандарт нэвтрүүлж, мал аж ахуйн салбарын кластерийн тогтолцоог бодлогоор дэмжин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ” гэсэн заалт нэмэх санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Ж.Батжаргал, гишүүдэд Ж.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, С.Лүндэг, Ц.Мөнхбат, Б.Найдалаа, Н.Наранбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажилласныг дурдаад ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаагийн хуралдаан зохион байгуулсныг онцлов. 


Ажлын хэсгийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Улсын Их Хурлын 2022 оны Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан нийт 114 арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ дунджаар 62.6 хувьтай гэж дүгнэснийг дурдахын зэрэгцээ тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газраас 2023-2024 онд нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бололцоог бүрдүүлж, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг улсын төсөвт тусгаж ажилласан байна гэв.

Нийт зээлийн 48.2 хувь нь эргэлтийн хөрөнгөнд, 51.8 хувь нь  хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулсан. Үүнийг салбараар авч үзвэл, нийт зээлийн 27 хувь нь газар тариалан, 65 хувь нь хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарт, 8.0 хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн байна. Зээл олголтыг байршлаар нь авч үзвэл, нийт зээлийн 71 хувийг Улаанбаатарт, баруун бүст 3, хангай бүст 6, төвийн бүст 15, зүүн бүст 5 хувь нь олгогдсон байгааг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа дурдлаа.


Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагууд хүнсний 39 шинэ үйлдвэрийг барьж байгуулсан бөгөөд үүний  найм нь сүү боловсруулах, 10 нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, 12 нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  4 нь ус, шүүс үйлдвэрлэх, 2 нь жимс, жимсгэнэ боловсруулах, хүнсний бүтээгдэхүүн сав баглаа боодол, давс боловсруулах чиглэлд 3 үйлдвэр  шинээр ашиглалтад орсон. Түүнчлэн энэ хугацаанд  тариалангийн талбай 111 мян.га буюу 13 хувь, хүлэмжийн талбай 34 га талбай буюу 28 хувь, агуулах, зоорийн багтаамж 37 мянган тонн буюу 15 хувиар, үтрэмийн багтаамж 34 мянган тонн буюу 7 хувиар тус тус нэмэгдсэнийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, М.Ганхүлэг, П.Батчимэг нар асуулт асууж, үг хэлсэн.


Хуралдааны төгсгөлд "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, явц байдалд ажлын хэсэг үнэлэлт, дүгнэлт өгөөд, цаашид үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, анхаарах хүрээнд найман асуудлыг хөндөж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлд хүнсний хангамж аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, бусад журам, стандартыг шинэчлэх,  нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэх, мөн тогтоол, түүний хэрэгжилтийг хангах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг “Цагаан алт”, “Шинэ Хоршоо”, “Атрын 4 дүгээр аян” үндэсний хөдөлгөөн, хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байв.


Түүнчлэн хүнсний сүлжээнд хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаат байдалд тавих, хяналтын бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх мэргэжлийн удирдлагын тогтолцоог бий болгох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, хоол үйлдвэрлэл болон бусад үйлчилгээ, хүнсний худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ул мөрийг мөрдөн тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх, импортын хүнсний баталгаат байдалд хяналт тавих, гаалийн  болон дотоодын хүнсний бүтээгдэхүүнд аюулгүйн үзүүлэлтээр сорил, шинжилгээ хийлгэх хилийн лабораторийн хүчин чадлыг сайжруулах болон нийслэл Улаанбаатар хотод тусгайлсан нэгдсэн хүнсний шинжилгээний лабораторийг шинээр байгуулах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах, хүнсний хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахыг Засгийн газарт чиглэл өгөхөөр тусгасан байв.


Мөн бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэн хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангалт сул байгаа бүс нутгуудад орон нутгийн өөрийнх нь нөөц боломж, чадавхыг нэмэгдүүлэх замаар тухайн бүсийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, дэмжлэгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүсээр баталж төрийн цогц бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэх, тогтоолын хэрэгжилтийг хангах төлөвлөгөөнд Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг жигдрүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх ажлын 2.1 тэрбум төгрөг, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлдог болох, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт болон уг төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, дэмжлэгийг улсын төсөвт тусгах, төр хувийн хэвшлийн түншлэл, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хэрэгжилтийг хангах, арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын зээлийн олголт, зориулалт, зарцуулалт, гарч байгаа бодит үр дүнд Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт, шалгалт хийж, зээлийн хэрэгжилтийн үр дүнг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг санал хэлсний дараа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл