УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Ч.Ундрам нар 2026 оны хөгжлийн хөтөлбөрт соёл, урлагийг хөгжүүлэхэд ганцхан чиглэлийн ажил хэрэгжүүлэх заалтыг оруулсан эсэх, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар арга хэмжээг хэрэгжүүлэх тухай болон бүх нийтийн биеийн тамир спортын хөгжүүлэхэд ямар ажил төлөвлөж буй талаар асуув. Соёлын сайд Ч.Номин хариулахдаа, соёл, урлагийн салбарт 30 гаруй чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөсөн боловч энэхүү төсөлд ганцхан ажил төлөвлөж оруулсан нь харамсалтай байна. Бид соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу төслийг боловсруулах санал тавьсан гэв. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариулахдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогц төвийг аймгуудад байгуулахаар тусгасан. Ер нь жендэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төрийн бүх байгууллага анхаарч ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүх байгууллагын урсгал болон үйл ажиллагааны зардалд тусгагдах ёстой гэв. Мөн ажлын хэсгээс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгайлан авч үзэх нь ялгаварлан гадуурхалт хэмээн үзэж, бүхий л үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд тэгш хүртээмжтэй оролцуулж явдаг. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн спортын чиглэлд анхаарч байсан бол бүх нийтийн биеийн тамирын хөгжлийг дэмжих талаар анхаарч ажиллана. Мөн мэргэжлийн спортын холбоодтой хамтран бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарна гэв.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага гэж үзэх шаардлагатай хэмээн онцлоод энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар болон багшийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах вэ гэсэн асуултад, Эдийн засгийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал нар ийнхүү хариуллаа. “Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага, шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдэл, төрийн болон орон нутгийн өмчийн музейг хамааруулж болно гэж заасан. Тэгэхээр дээд боловсролын байгууллага тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан бол эрдэм шинжилгээний байгуулагад хамруулж болно. Өнөөдрийн байдлаар ШУТИС, МУИС энэ шаардлагыг хангасан.Цаашид хэд хэдэн их сургууль шинжлэх ухааны салбарт хамааруулах хүсэлтээ ирүүлснийг судалж байна. Боловсролын яамнаас боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар хоёр ч ажлын хэсэг гарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 108 ерөнхий боловсролын сургууль, 95 цэцэрлэг шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэг тус бүр 45 барихаар тусгаж байна. Багшийн гурван тулгуурт бодлогыг батлан хэрэгжүүлж байна гэв. Ийнхүү асуулт, хариулт өндөрлөсний дараа байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн талаар байр сууриа илэрхийлсэн. Харин хэлэлцэж буй асуудлаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны хуралдаан үргэлжлэн Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тус ажлын хэсэг Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдлыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг хүлээсэн юм.
Ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсэг нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар болон МУБИС-ын төгсөх курсын оюутнуудтай уулзалт зохион байгуулсан. Мөн сургуулийн менежментийн талаар Төв, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгууд болон Хан-Уул, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх дүүргийн боловсролын удирдах ажилтнуудад сургалт орсон байна. Хамгийн чухал нь боловсролын салбарт хийх шинэчлэлийн эрэмбэ тогтоох, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьд анхдагч суурь хэрэгцээ болох барилгын норм, стандартыг тодорхойлох чиглэлд судалгаа хийсэн гэв. Тэрбээр, стандарт мөрдөгдөөгүй, даац хэтэрсэн, багшлах боловсон хүчин дутуугаас болж, олон сургуульд багш, хүүхдийн эрх маш ноцтой зөрчигдөж байгааг нэн даруй засч залруулах шаардлагатай талаар онцлоод өнөөдөр манай ерөнхий боловсролын сургуулиудын 40-өөс дээш хүүхэдтэй бүлэгт 214,020 сурагч буюу нийт хүүхдийн 29.5 хувь нь сурч байгаа төдийгүй даац хэтэрсэн сургууль орон нутагт 39, нийслэлд 85 байна. Тиймээс орон нутагт 150 суудалтай 10 сургууль, 320 суудалтай 9 сургууль, 640 суудалтай 5 сургууль барих хэрэгцээтэй байгаа бөгөөд харин 960 суудалтай том сургууль барих шаардлагагүй гэсэн тооцоо гарсан.
Мөн цэцэрлэгийн барилга шинээр барихад нийт төсөвт өртөг 311.4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 5-6 жилд багтаан барихын тулд жилд 80 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалт төсөвлөх шаардлагатай байна. Төрийн өмчит 704 сургуулийн 546 сургууль нь ямар нэг түвшинд мэргэжлийн багшийн орон тооны дутагдалтай байна. Үүнээс 20 хувиас дээш багшлах орон тоо дутуу 179 сургууль байгаа нь нийт сургуулийн 25.4 хувьд тооцогдож байна. Төрийн өмчит 1024 цэцэрлэгийн 402 цэцэрлэг багшийн тооны дутагдалтай хэмээн үзсэн. Үүнээс 148 сургууль 20 хувиас дээш багшийн орон тооны дутагдалтай байна. 2010 оноос хойш багш мэргэжлээр 47,173 оюутан төгссөн бол 18,028 нь буюу 38.2 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Төрийн өмчит сургууль болон цэцэрлэгүүдэд нийт 5,543 багшийн дутагдалтай гэдэг нь бодит асуудал мөн. Багшийн хомсдлыг арилгах, элсэгчдэд болон төгсөгчдөд тавигдах шаардлагыг бууруулах, зөвхөн цалин, урамшууллыг нэмэгдүүлсэн бодлого баримтлах, багшийн ажлын зураглал, ачааллыг оновчтой тооцохгүй байх хэрэгтэй гэв. Мөн тэрбээр боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бүх талаар хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг танилцуулагадаа тусгажээ. Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.