Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр (2025.05.21) Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Техас мужийн тойргийн шүүхийн шүүгч, профессор Мэтью Райт, Чарлез Вановер тэргүүтэй тус мужийн “Spurlock Judicial Fund” сангийн төлөөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус сан Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Өмгөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих төв” төрийн бус байгууллага болон АНУ дахь “Ганзориг консалтинг” хуулийн фирмтэй хамтран эрүүгийн хэргийг тохиролцоогоор буюу хялбаршуулах шийдвэрлэх ажиллагааны талаар сургалт, судалгааны ажлыг явуулж байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монголын парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороонд чадварлаг хуульч гишүүд ажиллаж байгааг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 17 дугаар бүлгийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, АНУ-ын хууль, шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаанд талархалтай байгаагаа тэмдэглэж, дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.
Профессор Мэтью Райт хамтын ажиллагааны хүрээнд эрүүгийн хэргийг тохиролцоогоор шийдвэрлэх ажиллагааны талаарх сургалтыг АНУ болон Монгол Улсад тус бүр 3-4 удаа зохион байгуулаад байгааг танилцуулж, харилцан шүүгч, өмгөөлөгч, хуульчдыг солилцон, бодит туршлагыг судлуулах практик сургалт ихээхэн үр дүнтэй болж буйг онцоллоо. Хоёр улсын хуулийн зохицуулалт харилцан адилгүй байгаагаас шалтгаалж тус улсын шүүхэд эрүүгийн хэргийг хялбараар шийдвэрлэж буй сайн туршлагыг Монгол Улсын шүүхийн хэрэглээнд нэвтрүүлэхэд зарим хүндрэл учирч буйг уулзалтын үеэр шүүгч нар дурдсан юм. Иймд уг асуудлаар иж бүрэн, цогц судалгаа хийж, санал боловсруулахаар ажиллаж байгааг өгүүлж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн бие даасан статустайгаар ажиллаж байгааг танилцуулж, тус хүрээлэнтэй хамтран ажиллахыг зөвлөлөө.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа, АНУ дахь “Ганзориг консалтинг” хуулийн фирмийн захирал, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан Г.Ганзориг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.