Цэс

Холбоо барих

“Бид эмэгтэйчүүд” чуулганаас уриалга гаргалаа

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулган үдээс хойш хэлэлцүүлгээр үргэлжиллээ.


Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллаж,  Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг нар оролцогчдоос тавьсан асуултад хариулт өглөө.


Чуулганд оролцогчид орон нутагт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан. Мөн улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш, квотын асуудлаас гадна гараанаас тэгш өрсөлдөх боломжгүй байдгийг дурдаад, сонгуулийн зардалд намуудын зүгээс дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийллээ.


Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэлэлцүүлгийн үеэр оролцогсдоос гаргасан санал хүсэлтийн дүнг нэгтгэн уриалга гаргасан гэлээ. Тэрбээр, “Монгол Улсын өнцөг булан бүрд нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд хамтран нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө нам үл харгалзан жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах уриалгыг гаргалаа” гэв. Уг уриалгад:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс 2028 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийн тухай хуультай ижил түвшинд хүргэх
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.2-т заасан аль нэг хүйсийн төлөөллийн доод хязгаарыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзах эрх зүйн орчныг бүрдүүлэх  
  • Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатанд хангаж, хангаагүй тохиолдолд томилох эрх бүхий этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх 
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт иргэн “хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх” эрхийн хууль зүйн баталгааг хангаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажил, үүргийг бодитой үнэлж, төлөөлөх чадварыг нь хангах 
  • Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа нь байнгын ажиллагаатай бус байдагтай холбоотой төлөөлөгчдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж буй эрх зүйн орчныг өөрчлөх 
  • Бүх шатны сонгуулийн саналын хуудсанд нэр дэвшигчдийг жагсаахдаа 1:1 зарчмыг баримталж хүйсийн тэгш байдлыг хангах
  • Улс төрийн санхүүжилтийг ил тод нээлттэй болгож, улс төр дэх мөнгөний хүчин зүйлийг хязгаарлан бүх шатны сонгуулийн зардлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх   
  • Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэх үүднээс анхан, дунд шатны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх
  • Эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд нэмэгдсэний бодит үр дүн болж улс орон даяар хэрэгжүүлэх бодит төсөл, хөтөлбөрийг санаачлан, үе шаттай хэрэгжүүлэх
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд “Бид эмэгтэйчүүд” хөтөлбөрийг цаашид бүс, аймгийн онцлог нөхцөлд тулгуурлан, системтэйгээр үргэлжлүүлэх зэргийг тусгасныг танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл