Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.22) хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны үеэр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Дараа нь гишүүд санал, дүгнэлтүүд болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас таван өдрийн завсарлага хүсэхэд Байнгын хорооны дарга Р.Сэддорж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн.
Ийнхүү завсарлагын хугацаа дуусснаар өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.