Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.23) хуралдаан 10 цаг 40 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.
Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн.
Тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин нар ажилласан байна.
Ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр хуралдаж 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч 2026 оны төлөвлөгөөний төсөлд тусгагдаагүй төсөл, арга хэмжээний жагсаалт болон эхлүүлсэн боловч царцаасан төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар тайлбар бэлтгэх чиглэлийг холбогдох яамдад үүрэг болгосон байна. Мөн төслийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан 4 реформыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан мэдээлэл бэлтгэх; зорилт тус бүрийг төсөл, арга хэмжээ болон шалгуур үзүүлэлтийг нийцүүлэх; сургууль, цэцэрлэг барих төсөл болон орон сууц барих арга хэмжээг байршил зааж тодорхой болгох чиглэлийг холбогдох яамдад үүрэг болгосон хэмээн М.Бадамсүрэн гишүүн танилцуулав. Үүний зэрэгцээ төсвийн хөрөнгийг зөвхөн ТЭЗҮ-д зарцуулдаг, жил бүр ямар нэг бүтээн байгуулалт хийхгүйгээр ТЭЗҮ боловсруулаад орхидог явдлыг зогсоох, цаашид ТЭЗҮ хийгдсэн бол төслийг заавал хэрэгжүүлдэг байх тухай заалт тогтоолын төсөлд тусгах саналын томьёолол бэлтгэхийг үүрэг болгосон байна.
Ажлын хэсэг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн зарчмын зөрүүтэй саналууд гаргасан болохыг М.Бадамсүрэн гишүүн танилцуулсан.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүр нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, өмнөх онуудад ажил нь эхэлсэн төсөл, арга хэмжээг зогсоохгүй байх, түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр ТЭЗҮ хийгдсэн төсөл, арга хэмжээг тэргүүн ээлжинд эрэмбэлэн тухайн ондоо хэрэгжүүлдэг байх агуулгыг Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь заалтад 2 дахь дэд заалт болгон нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Мөн “Хархорум” хотод экспортын чөлөөт бүс байгуулах; Боловсролыг дэмжих жилийн хүрээнд гэр бүлийн боловсролыг дэмжих үндэсний хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулах; Хүүхдийн амралт, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих зорилгоор хүүхдийн зусланг 4 ээлжээр зохион байгуулах; Үндэсний баялгийн сангаар дамжуулж хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэн бүрд хуримтлалын нэрийн дансанд хөрөнгө хуримтлуулах; Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэх гэх зэрэг төсөл, арга хэмжээг төслийн 2 дугаар хавсралтаас хасахыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжсэн. Эдгээр нь тухайн жилд шаардагдах санхүүжилтийн хэмжээ тодорхойгүй, хариуцагч байхгүй, шалгуур үзүүлэлтгүй гэх зэрэг төлөвлөлтийн алдаатай байгаа бөгөөд тэдгээрийг засаж буй техникийн шинжтэй саналууд болохыг ажлын хэсгийн зүгээс тодотгоод, төслийн 2 дугаар хавсралтаас хасаж 1 дүгээр хавсралтад тусгаж байгаа хэмээн тайлбарлаж байсан юм.
Түүнчлэн бусад Байнгын хороодоос төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан шийдвэрлэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.