Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр /2025.05.23/ НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уулзалтын эхэнд, ноён Александар Саша Бодирозатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, тус сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, дэмжлэгүүд тодорхой үр дүнд хүрч буйд сэтгэл хангалуун байна гэв. Ялангуяа НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд эхийн эндэгдлийг бууруулах зорилт томоохон үр дүнд хүрсэн. Тодруулбал, эхийн эндэгдэл 100.000 төрөлтөд 200 орчим байсан бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 20 хувьд хүрч буурсан нь та бүхний ажлын үр дүнтэй холбоотой гээд алслагдсан бүс нутгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж буй нь нэн чухал асуудал болохыг онцлов.
Мөн тэрбээр, Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлаас боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй байх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний 5.0 хувьд хүргэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа.
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад санал нэг байгаагаа илэрхийлээд, нэн ялангуяа эхийн эндэгдлийг 1994-2024 оны хооронд 75 хувиар бууруулж чадсан нь Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа сайн жишээ болж буйг онцлов.
Мөн сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарын санхүүжилт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.0 хувьд хүрснийг тодотгоод, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч буйд талархал ирэлхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.