Цэс

Холбоо барих

“Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайлан”-г танилцууллаа


Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” ажлын хэсгээс өнөөдөр (2025.05.23) Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайлан”-ийн талаар  танилцууллаа.

Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал доктор Александр Саша Бодироза, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг болон салбарын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсад суугаад Элчин сайдын яамдын холбогдох албан тушаалтнууд, дотоодын болон олон улсын судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.


Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг арга хэмжээг нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилтод залуучуудын хөгжлийн асуудал, нийгмийн дундаж давхаргыг бий болгох бодлого гол байр суурь эзэлж байгаа. Гэвч олон улсын болон дотоодын судалгааг авч үзэхэд, нийгмийн шударга бус байдал, авлигын асуудал, цаашлаад орон нутагт ажлын байр, орон сууц хомстолтой, хот-хөдөөгийн хөгжлийн тэгш бус байдал хэвээр байгаад залуучууд эмзэглэж буйг голлон дурдсан байдаг. Иймд судалгаанд дурдагдсан асуудлыг төрийн бодлого, хууль тогтоомжид яаралтай тусгаж, хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр ажлын хэсгээс  боловсруулж буй хөгжлийн хөтөлбөрт энэ чиглэлийн асуудлуудыг бодитоор тусгаж, залуучуудад тулгамдаж буй сорилтуудыг даван туулах шинэлэг, оновчтой шийдлүүдийг хамтдаа бий болгох нь цаг үеийн нэн чухал зорилт гээд энэхүү хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн олон улсын байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хүн амын сангийнханд талархал илэрхийллээ.


Мөн НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал доктор Александар Саша Бодироза үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ дэлхийн 1.8 тэрбум залуучуудын дийлэнх нь хөгжиж буй орнуудад амьдарч байгаа өнөө үед тэднийг хөгжлийн зорилгод түнш болгон, жинхэнэ утгаар нь оролцуулах нь тогтвортой хөгжил, шударга нийгмийн амин сүнс болохыг онцлов. Мөн тэрбээр залуучуудын асуудалд суурилсан бодлого боловсруулахад бодит судалгаа, олон нийтийн оролцоо, хүний эрхийн зарчим чухал бөгөөд Монгол Улс НҮБ-ын Хүн амын сантай хамтран хөгжүүлж буй стратегиуд нь бүс нутгийн болон олон улсын сайн туршлагад суурилсан жишиг бүтээл болох боломжтойг тэмдэглэв.


Үргэлжлүүлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсад анх удаа залуучуудын асуудлыг хариуцах бие даасан төрийн захиргааны байгууллага байгуулагдсан нь хөгжлийн бодлого, хөтөлбөрт залуусын оролцоог бодитоор хангах, төсвийн дэмжлэгтэй хэрэгжилтийг бий болгох чухал алхам болсныг дурдав.


Арга хэмжээ НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь тэргүүн Халид Шарифи "Монгол Улсын залуучуудын хөгжлийн нөхцөл байдлыг үнэлсэн судалгааны тайлан”-ийн танилцуулгаар үргэлжилсэн. Тэрбээр танилцуулгадаа, уг судалгааг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-улс төрийн оролцоо гэсэн сэдвүүдэд чиглэснийг тодотгоод эрүүл мэндийн чиглэлд, анхан шатны тусламж хангалтгүй, эрсдэлтэй зан үйл, сэтгэлзүйн асуудал нэмэгдэж байгааг онцлов.


Мөн боловсролын салбарт хөрөнгө оруулалт буурч,  нийслэл орон нутгийн хүүхдүүдийн боловролын ялгаатай байдал бий болсон гол асуудал болж байна. Харин залуусын ажилгүйдэл өндөр хувьтай, сургалт, хөдөлмөрийн зах зээл хоорондын уялдаа сул байна. Нийгэм, улс төрийн үйл ажиллгаанд залуусын оролцоо бага, тэдний оролцоог хангах асуудал сул хэвээр судалгаанд дурдсан байлаа.

Дараа нь НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь тэргүүн Халид Шарифи “Монгол Улсын залуучуудын хөгжлийн нөхцөл байдлыг үнэлсэн судалгааны  шинжилгээний тайлан”-г Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал, олон улсын сайн туршлага болон холбогдох судалгаанд тулгуурлан дүгнэлт, санал боловсруулан ажиллаж байгаа  ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгт гардуулав. 


Үргэлжлүүлэн “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги 2026–2030” төслийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж танилцуулав. Тэрбээр, уг стратегийн төслийг 13 удаагийн үндэсний хэлэлцүүлэг, олон улсын байгууллагуудтай хийсэн зөвлөлдөх уулзалтаар хэлэлцүүлж, 1300 гаруй залуусыг хамруулсан  гэлээ.


Түүнчлэн  Монгол Улс 2016 онд Залуучуудын хөгжлийн индексээр /YDI/ 0,656 үзүүлэлтээр 181 улсаас 71-т эрэмблэгдэж дундаж ангилалд байсан. 2023 оны байдлаар 0,770 үзүүлэлтээр 61-т эрэмблэгдэж дунджаас дээгүүр ангилалд байгааг танилцуулгад дурдсан байлаа. Залуучуудын амьдрах орчны нөхцөл, гэмт хэрэг, хөдөлмөр эрхлэлт зэрэг холбогдох мэдээллийг доорх зурагнаас харна уу. 

  

 


Тус арга хэмжээнд оролцогчид тайлангийн хүрээнд хуулийн хэрэгжилт, салбар хоорондын уялдаа, залуучуудад чиглэсэн санхүүгийн бодлого, судалгааны үндэслэл, бодлогын үр нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.


Улсын Их Хурлын гишүүн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг арга хэмжээг хааж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ,  энэхүү уулзалт зөвхөн нэг удаагийнх бус, цаашдын хамтын ажиллагааны үндэс болно гээд “Асуудал бол боломжийн эхлэл” тул та бүхний санал санаачилга, идэвх оролцоо чухал гэдгийг илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.