Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн өсвөрийн парламент нэгдсэн чуулган өнөөдөр /2025.05.24/ өндөрлөв.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му нар болон хөтөлбөрт хамрагдсан 126 хүүхэд, албаны бусад хүмүүс оролцлоо.
Хаалтын үйл ажиллагааны эхэнд “Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн талаар товч танилцууллаа. Тус хөтөлбөр нь 2021 онд “Парламентын боловсрол-уур амьсгалын өөрчлөлт”, 2022 онд “Парламентын боловсрол- эрчим хүчний хэрэглээ, хэмнэлт”, 2023 онд “Эрүүл орчин-эрүүл хүүхэд” гэсэн сэдвийн хүрээнд амжилттай хэрэгжсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус хөтөлбөрт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 500 гаруй хүүхэд хамрагдсан аж. Энэ жил “Өсвөр үе-эрүүл мэнд” сэдвийн хүрээнд болж, хөтөлбөрийн хоёр удаагийн нөлөөллийн ажилд оролцогчид 29 багт хуваагдаж, 17900 өсвөр үеийнхэнд танхимаар, 202.000 хүүхдэд цахимаар, 236 сургуульд хүрч ажилласан гэдгийг танилцуулгад дурдаж байв.
Хөтөлбөрийн хаалтын чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ хөтөлбөр нь байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, Монгол Улс эх орныхоо төлөө гэсэн хүсэл, эрмэлзэлтэй 500 гаруй хүүхэд, залуусыг бэлтгэж, амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жилийн хөтөлбөрийн хаалтын чуулганы үйл ажиллагаанд НҮБ-ын хүүхэд, залуучуудын байгууллагуудын төлөөлөл зорин ирж, хэвлэл мэдээлэл олон нийтийн багийнхан төгсөлтийн бичлэг хийсэн. Энэ хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг болсон гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн бидний зүгээс байгаль орчин, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдээ мэдээллүүдийг та бүхнээр дамжуулан үе тэнгийнхэнд чинь хүргэж, хамтдаа хөгжих боломж олгохыг зорьсон хэмээв.
Дараа нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өнгөрсөн хугацаанд хүүхдүүд та бүхэн хоорондоо сайхан танилцаж, олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илүү их зүйлийг сурч, өөрийгөө таньж мэдэхэд энэхүү хөтөлбөр тусалсан гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүдийн дуу хоолойг нэгтгэж, эрүүл мэнд, сургуулийн аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлуудын талаар ярилцахаар өсвөр үеийн төлөөлөл болсон та бүхнийг хөтөлбөрт хамруулсан. Хүүхдүүд та бүхэн хоол тэжээл болон сэтгэцийн эрүүл мэнд, агаарын бохирдол, сургуулийн аюулгүй орчин зэрэг тулгамдсан асуудлуудлын талаар яриад зогсохгүй, гаргалгаа шийдэл, шинэлэг санаануудыг дэвшүүлсэн байна. Иймд цаашдаа энэ асуудлуудаа илүү их ярьж, шийдвэр гаргагчдад танилцуулж, үе тэнгийнхэндээ нөлөөлж байхыг уриалж байна гэв. Түүнчлэн өнөөдрийн манлайлагч эл хүүхдүүд ирээдүйд томоохон өөрчлөлт авах авчрах хүмүүс гэдгийг онцолж байлаа.
Үргэлжлүүлэн Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь үг хэлэв. Тэрбээр, Багш нь эл хөтөлбөрийн хүрээнд та бүхэнд нэг удаа хичээл орсныг санаж байгаа байх. Улстөрч судлаач хүний хувьд багш нь хүүхэд, залуус та бүхнийг нийгэмдээ зөв оролцоотой, аливаа асуудлыг эргэцүүлэн тунгаах чадвартай иргэн болж, төлөвшөөсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг гээд хариуцлагатай, ирээдүйгээ зөв тодорхойлж чаддаг бие даасан зөв оролцоотой иргэн болбол эх орондоо оруулж байгаа хамгийн том хувь нэмэр болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн. Уг уралдаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Агиймаа тэргүүн байр эзэлж, Баянзүрх дүүргийн “Томужин алтернативь” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Мишээл, Хэнтий аймгийн “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Дөлгөөнхэрлэн нар удаалжээ. Эдгээр хүүхдүүдийн шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа гардуулав.
Дараа нь хөтөлбөрт оролцогчдын төлөөлөл болон, парламентын боловсрол хичээлийн багш, сургагч багш нар сэтгэгдлээ хуваалцав. Тухайлбал, “Өсвөрийн Парламент 2024” хөтөлбөрийн нийслэлийн Сүхбаатар дүүргийг төлөөлсөн оролцогч М.Энгүүн, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн зургаан сарын хугацаанд бид зөвхөн олон агуулгыг сурч мэдээд зогсохгүй, дотоод ертөнцөө хамтдаа нээж, бусдад өөрийн чадах хэмжээнд тусалсандаа талархаж байна. Мөн энэхүү хөтөлбөрөөр дамжуулан парламентын боловсрол, өсвөр үеийн эрүүл мэндийн талаар мэдлэг авахын зэрэгцээ өөрсдөө ч анзааралгүй олон эерэг чадвар, ойлголтыг авч, үнэлж баршгүй нөхөрлөл, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээсэн гэж байлаа.
Харин Увс аймгийн оролцогч “Эрдмийн эхлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Л.Эрхэмбаяр “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нэгэн чухал, бага зэргийн гуниг дагуулсан хаалтын өдөр болж байгааг онцлоод нэгдсэн чуулганаа зохион байгуулж, зургаан асуудал хэлэлцэн, өөрсдийнхөө санал, бодлоо тусгасан тогтоолоо амжилттай баталж чадсандаа баяртай байна гэж байлаа. Ингээд "Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад хүлээлгэн өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.