Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаан 15 цаг 21 минутад эхэлж,  дөрвөн  асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж,  зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг  онцлов.


Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон. Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.


Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Н.Наранбаатар, Б.Уянга,  Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, С.Замира, Г.Ганбаатар, Р.Сэддорж нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн М.Мандухай төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн ангиллыг нарийвчилж,  шалгуур, босго үзүүлэлтүүдийг тодорхой болгох, мөн төслийн мэдээллийг олон нийтэд урьдчилан, ил тод хүргэх үүргийг тодорхой тусгах шаардлагатай гээд хуулийн төсөлд байгаль орчны үнэлгээнээс гадна нийгмийн үнэлгээ хийх асуудлыг тусгасан эсэхийг тодруулж байлаа. Өмнө нь аливаа төслийг хэрэгжүүлэхдээ ан амьтан, уур амьсгалд хэрхэн нөлөөлж буйд  байгаль орчны үнэлгээнд голлон анхаардаг байсан. Харин хуулийн төсөлд төслийг хэрэгжүүлэхдээ хүний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн нийгмийн үнэлгээний асуудлыг нарийвчилж тусгасан гэдгийг С.Одонтуяа сайд хариултдаа дурдлаа. Мөн тэрбээр, байгаль орчны үнэлгээ хийлгэх гэж байгаа төслүүдийг гурав ангилж, зэрэглэлийг нарийвчилсан нь нэг лаборатори ажиллуулах эсхүл, уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд яг ижил шаардлага тавьдаг нь ихээхэн хүндрэл учруулж ирснийг сайжруулах шаардлагатай холбоотой. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн мэдэх эрхийг хангах асуудлыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэв. 


Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, хуулийн төсөлд туссан байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, зэрэглэлийг I. II. III  хэмээн тогтоосон ч ямар төсөл нь аль зэрэглэлд хамаарах талаар тодорхой тусгаагүй, үүнийг журмаар зохицуулбал хуулиасаа давсан журам гарах вий гэдгийг анхааруулж байлаа. Ажлын хэсгээс, хуулийн төслийн 7.9-т төслийн үзүүлэх нөлөө, төрөл, байршил нөлөөллийн хамрах цар хүрээнээс хамааруулж I,II,III зэрэглэлээр ангилна гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагууд төслийнхөө зэрэглэл, эрсдэлээ  маш их, их, дунд бага гэж дөрөв ангилдаг гэсэн тайлбарыг өгч байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг авахгүй байхаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа талаар тодруулахын зэрэгцээ аливаа төслийн хэрэгжилт хүн, байгаль цаг уур, амьтан ургамалд хэрхэн нөлөөлж буйг тухайн баг, нутгийн иргэд хамгийн сайн мэдэх атал, тэдний саналыг авахгүйгээр үнэлгээ хийх тухай асуудал байж болохгүй гэсэн саналыг хэлж байлаа. Мөн  Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, төслийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэлийг авна гэж заасныг хуулийн төсөлд иргэдийн саналыг авна гэж зохицуулсан нь асуудлыг улам дордуулж буйг тэмдэглээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг иргэдийн хяналтаас гаргаж байгаа тул эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.


Ингээд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжсэнгүй.  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Замира чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Дараа нь “Малын генетик нөөцийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” болон  “2025 оны хаврын мал төллөлтийн дүн, мэдээ”-ний талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг  сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэлдээ, Монгол Улсын мал сүрэг 2024 оны жилийн эцсийн нийт дүн 57.6 сая толгой тоологдсоны 4.7 сая нь адуу, 5.1 сая нь үхэр, 480.6 мянга нь тэмээ, 24.5 сая нь хонь, 22.9 сая нь ямаан сүрэг байна. Нийт мал сүргийн дотор хонь 42.5, ямаа 39.8, үхэр 8.8, адуу 8.1, тэмээ 0.8 хувийг тус тус эзэлж байна. Манай орны байгаль, цаг уур, уур амьсгалын онцлогт дасан зохицсон хонины 15 үүлдэр, ямааны есөн үүлдэр, үхрийн 5 үүлдэр, тэмээний 5 үүлдэр, адууны 3 үүлдэр батлагдаж, сайжруулагч үндсэн цөм сүргээр тус тус ашиглагдаж байна. Монгол Улсад өсгөн, үржүүлж байгаа нийт мал сүргийн 96.2-99.7 хувийг манай улсын уугуул үүлдэр, омгийн мал, 0.3-3.8 хүртэл хувийг гадаад улсаас импортолсон цэвэр үүлдрийн болон тэдгээрээр сайжруулсан эрлийз мал тус тус эзэлж байгааг дурдлаа.


Мөн НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцод Монгол Улс 1993 онд нэгдэн орж, 2017 онд Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг малын төрөл тус бүрээр гурван жил тутам шинэчлэн хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулан улмаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн генетик нөөцийн хороонд хүргүүлдэг болсон. Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон улсын аргачлалын дагуу анх 2000 онд хийсэн бөгөөд сүүлд 2019-2020 онд шинэчлэн сайжруулж НҮБ-д тайлагнасан гэв.

Малын генетик нөөцийн үнэлгээнээс үзэхэд, монголын уугуул үүлдрийн үхэр, тэмээ, хонь, ямааны генетик тогтоц, ашиг шимийн хувьд эрсдэлгүй, адууны 30.8 хувийн ашиг шимийн чиглэлийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж шинжээчид дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, манай орны уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон үхэр, тэмээ, хонь, ямаан сүргийн хувьд генийн өвөрмөц тогтоцыг хадгалахад тооны хувьд хангалттай байгаа бөгөөд ашиг шим нь харьцангуй тогтвортой хадгалагдаж байна.


Харин нийт адуун сүргийн 31 орчим хувь нь ашиг шимийн чиглэл болон генетик шинж тэмдгийн нарийвчилсан судалгаа явуулж дүгнэлт гаргах шаардлагатай байна. Учир нь сүүлийн 20 жилд Монгол Улсад нийтдээ 5200 орчим англи, араб, ахалтехин, будёный, орлов, кабирдин, оросын хатирч зэрэг үүлдрийн адууг гадаад улсаас импортоор авч, монголын адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэх чиглэлтэй үржүүлгийн ажил явуулсантай шууд холбоотой гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Бусад төрлийн малын тухайд гадаад улсаас авч цэврээр үржүүлж байгаа болон үндсэн сайжруулагчаар ашиглаж байгаа, шинээр зохион бүтээсэн үүлдэр омгийн малын тоо толгой цөөрсөн, ашиг шим нь буурсан генетик тогтоцын зарим шинж тэмдэг өөрчлөгдсөн байх магадлалтай, эрсдэлтэй гэж дүгнэсэн. Ялангуяа Монгол Улсад үржүүлж буй үүлдэр омгийн хонины 18.5 хувь нь эрсдэлийн түвшинд байна. Эрсдэлийн түвшинд байгаа үүлдэрт нарийн нарийвтар ноост Тал нутгийн цагаан, бүдүүн бүдүүвтэр ноост Байдраг үүлдэр, Алтанбулаг, Жаргалант, үржлийн хэсэг, Торгууд үүлдрийн хэсэг, буржгар хурганы арьсны Сүмбэр үүлдрийн хонийг эрсдэлийн түвшинд багтаасан байна. Эдгээрээс 2025 оны 05 дугаар сарын байдлаар Байдраг, Жаргалант үүлдрийн хонины хэв шинжийг хадгалсан бодгаль бүртгэгдээгүй байна. Ямаан сүргийн уугуул үүлдрээс 15 үүлдэр омгийн 86.7 хувь нь эрсдэлгүй, 13.3 хувь нь эрсдэлийн түвшинд гэж дүгнэгдсэн. Эрсдэлийн түвшинд байгаа үүлдэр, омогт мохер, ноосны чиглэлийн Өнжүүл, үржлийн хэсэг, ноолуурын чиглэлийн Гал шар омог тус тус багтсан байна. Цаашид ямааны тоог аажим бууруулж 20 сая орчимд барих, ямаан сүргийн гэрээт нөөцийгийг оновчтой ашиглах, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах, экспортод чиглэсэн ноол, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлахыг зөвлөсөн гэж байлаа.  


Мал сүргийн чанарыг сайжруулах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх, генетик нөөцийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр Монгол Улсын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг нарийвчлан зохион байгуулж, генийн дарааллыг тогтоож, дэлхийн мал, амьтны генетик нөөцийн санд бүртгүүлэх, малын чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор мал аж ахуйг бүсчлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангах зорилгоор гадаад улсаас махны, сүүний болон мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн үхэр түүний үр хөврөлийг импортолж, төрөлжүүлэн өсгөх, сайжруулагчаар ашиглах зэрэг арга хэмжээг  авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж байлаа.

Салбарын сайд дараа нь 2025 оны хаврын мал төлөлтийн дүн мэдээг тоймлон  танилцуулсан. 

Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 24.2 сая эх малын 73.4 хувь буюу 17.7 сая эх мал төллөөд байна. Улсын хэмжээнд 17.7 сая төл хүлээн авч, 17.5 сая төл бойжиж, бойжилт 98.7 хувьтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төллөлтийн хувь 14.9 хувиар их, 5.0 сая төл бойжиж байна. Бүсчилбэл баруун бүс 77.8, зүүн бүс 67.3, төвийн бүс 72.6, хангайн бүс 74.1 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж мэдээлэлд дурдсан байлаа.


Мөн 2025 онд нийт 23.0 сая орчим толгой төл хүлээн авах төлөвтэй байна. Ингэснээр 2025 оны зун, намрын улиралд нийт 80.6 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Монгол орны бэлчээрийн даац гангүй, хэвийн жилд дунджаар 85 сая хонин толгой малыг тэжээлээр хангах боломжтой бол 2025 оны зун, намрын улиралд байх малын тоог хонин толгойд шилжүүлснээр 100 сая толгойд хүрч, бэлчээрийн даацаас 15-20 сая толгойгоор хэтрэх төлөвтэй байгаа аж. Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах хүрээнд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг хамгаалах, дэмжих, бэлчээрийн даацад малын тоог тохируулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд салбарын яам  мал, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн дотоодын болон гадаад худалдааг дэмжих, хөнгөн, хүнсний үйлдвэрийн боловсруулах үйлдвэр хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдсан. 


Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд 2017 онд батлагдсан Малын генетик нөөцийн тухай хууль чухал хуулийн нэг хэдий ч хэрэгжилт тун хангалтгүй байгааг салбарын яамныханд онцгойлон анхааруулж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Малын генетик нөөцийн тухай хууль нь цөм сүргийг хамгаалахад чиглэсэн чухал асуудлыг хөндсөн бөгөөд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдав. Мөн энэ асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Гаалийн мэдээгээр 2015-2024 он буюу сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жилдээ дунджаар 500 адуу орж ирсэн байна. Нэг азаргад  хамгийн багадаа 20 гүү тавина гэж тооцвол жилдээ 10 мянга орчим адуу эрлийзжиж байх жишээтэй. Нөгөөтээгүүр, нэг адуу 50-200 сая төгрөгөөр тооцоход жилдээ 62.5 тэрбум төгрөг, үүнийг дагасан хивэг, тэжээлийн зардалд жилдээ 2025 оны эхний улирлын байдлаар 3.5 сая ам.доллар гадагшаа урссан байна. Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед импортоор адуу оруулж ирэх асуудлыг тодорхой хугацаанд хязгаарлах саналтай байгаагаа илэрхийлсэн.


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Улсын хэмжээнд 121.0 мянга мал зүй бусаар хорогдсоны шалтгааныг тодруулахын зэрэгцээ хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан, бог малын хээлтүүлэгч дутагдалтай байгаа болон Дорнод, Сүхбаатар аймгуудад 2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн мал хээлтүүлгийн технологийн хугацаа оройтсон зэрэг асуудалд салбарын яамнаас бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар лавлав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Малчны тухай хуульд малчны хүүхдийг сургах зохицуулалтад зоотехникчдийг бэлтгэх асуудлыг тусгах талаар  хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал малын удмын сангийн үрийн банкны асуудлын нөхцөл байдлыг тодруулахын зэрэгцээ хээлтэгчийн эзлэх хувийн жинг эрс нэмэгдүүлж, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж, сүргийн бүтэц зөв болж, малчдын амьжиргаа дээшилнэ гэж байлаа.


Хуралдааны төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, С.Замира, У.Отгонбаяр, М.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл