“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулиар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн “2025 оны 06 дугаар сарын 01-ний” гэснийг “2026 оны 06 дугаар сарын 01-ний” гэж өөрчилсөн бол Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “2026 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2027 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчилжээ.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Хуулийн төсөл буцаах тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ. Харин Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Хот байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолын 14 дэх заалтын “2026 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2027 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчилсөн байна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Дагвадоржийн Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.