Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр /2025.06.04/ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн талаар 3 дахь удаагийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон ажлын хэсгийн хуульч, судлаачид оролцож, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тус тус хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай чиглүүлсэн бөгөөд хуралдааны эхэнд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын талаар танилцуулав. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 27 хууль хэрэгжиж байгааг онцлоод, салбарын хуулиуд шинэчлэгдсэн боловч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн малгай хууль байхгүй гэдгийг тодотголоо. Түүнчлэн хөдөө аж ахуйн чухал, хариуцлагатай асуудлуудыг салбарын онцлогийг харгалзахгүйгээр зөвхөн нэг талаас нь өрөөсгөл хандаж шийдвэрлэх тохиолдол байна гэв.
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн уялдаа холбоог төрийн бодлого, эрх зүй, зохион байгуулалтаар хангаагүй, дэмжлэг ялгаатай байгаагаас үүдэн дээрх хоёр салбар нь харилцан нэгнийгээ дэмжиж, хамтран ажиллаж чадахгүй байна гэлээ.
Цаашид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүс нутгийг тодорхой болгох, хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалт, борлуулалтын тогтолцоог бий болгох, бүртгэл, хяналтыг сайжруулах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс ангид эрүүл бүсийг тогтоож, баталгаажуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээ авах болон төрөөс үзүүлэх дэмжлэг, шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалт нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөл, чиглэлээс хамаарсан оновчтой, тодорхой байх, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний баталгаатай, аюулгүй байдлыг хангах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл нь төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилтийг тогтоох болон хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үе шат нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэжээ.
Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Бадамсүрэн, Л.Энхнасан, Хосбаяр нар ажлын хэсгийн гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, өмнө нь хөдөө, аж ахуйн бодлогыг хэрхэн зохицуулж байсан талаар болон зорилгоо хэрхэн харж байгааг тодруулав. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хөдөө аж ахуйн салбар төрөөс ямар нэгэн дэмжлэггүйгээр явахгүй хэмээгээд, зорилгоо хэрхэн харж, үр дүнгээ яаж хэмжихийг тодорхой болгож, зорилготойгоо дэмжлэгийн асуудлыг уялдуулах шаардлагатай гэлээ. Мөн тэрбээр, хариуцлагын тогтолцоог бий болгохын чухлыг онцлов.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчний дутагдал, дэд бүтэц, дэмжлэгийн асуудлыг хөндлөө.
Ажлын хэсгийн зүгээс хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тодорхой болно хэмээн үзэж буй юм байна. Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын болон аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдэхээс гадна хүлээх эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, тус салбарт төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа бэхжинэ хэмээн танилцуулсан.
Асуулт хариултын дараа Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан бөгөөд хууль батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо цогц байдлаар бүрдэнэ гэж үзжээ. Тухайлбал,
- Хүнсний сүлжээнд мэргэшсэн хяналт тавина
- Хүн амыг шим тэжээллэг, чанартай, баталгаатай хүнсээр хангах боломж нэмэгдэнэ
- Халдварын бус өвчлөл буурч, холбогдох зардал багасна
- Хэрэглэгч бодит мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийх чадвар, дадал төлөвшинө
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлага дээшилнэ.
- Салбарын хүний нөөцийг чадавхжуулснаар хүнсний сүлжээний бүхий л үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагаар хангагдах нөхцөл бүрдэнэ.
- Хуулийн хэрэгжилт үр дүнтэй болно
- Хүнсний баталгаат байдал сайжирч, хүнсний экспорт нэмэгдэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх аж.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар холбогдох хуулиудын нэр томъёоны уялдаа холбоог тодорхой болгож, хүнсний баталгаат байдлыг хангах тогтолцоо бүрдэнэ. Мөн холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг мөрдлөг болгож хоол үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа үйлчилгээний стандартыг улам сайжруулах юм байна.
Мөн цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хүнсний хангамж, нөөцийг бүрдүүлэхээр тусгаж, баталгаат хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах асуудлыг хуульчлахаар тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.