Цэс

Холбоо барих

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн уулзалт боллоо

Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн уулзалт өнөөдөр (2025.06.04) боллоо. “Горгаз” ХХК-ийн байранд болсон тус уулзалтад ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан нар оролцож, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн болон экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцож, аюултай ачаа тээвэрлэх стандарт, журам, тэдгээрийн хэрэгжилт, салбар хоорондын уялдааг хангах зэрэг асуудлаар ярилцав.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ажлын хэсгийн зорилго, удирдамжийн талаар товч танилцуулж, аюултай ачааг хотын дотор болон хот хооронд тээвэрлэхэд баримтлах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам дүрмийг шинэчлэн сайжруулах, холбогдох чиг үүргүүдийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэх, уялдуулах шаардлага байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан эрсдэлтэй нөхцөл байдалд иргэд амь нас, эд хөрөнгөө хамгаалах анхан шатны мэдлэг, чадвартай байх, эрх зүйн зохицуулалтыг зөв ойлгож, дагаж мөрдөх талаар олон нийтэд чиглэсэн таниулга, сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулахад анхаарах нь зүйтэй гэсэн юм.

Ажлын хэсгийн гишүүд уулзалтынхаа эхэнд “Горгаз” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалтай танилцав. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнноров, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Г.Гэрэлтуяа нар хийн тээвэрлэлт, түүний хяналт, станц, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, зааварчилгаа, сургалт хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Холбгдох стандарт, журмыг мөрдөж ажиллахын зэрэгцээ тус компани бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлт, тээвэрлэлтийг бүрэн хянах SmartPro системийг нэвтрүүлсэн байна. Уг системээр нэгж бүтээгдэхүүн станцаар гарснаас эхлэн хэрэглэгчид очих, тээвэрлэлтийн бүтэн эргэлтийг камериар хянаж, жолооч, түгээгчдийн үйл ажиллагааг нэгдсэн системээр хянаж ажилладаг байна.

Мөн тус компанид хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтын дүнг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Урангуа танилцууллаа. Хяналт шалгалтын дүнгээр тус компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, стандартын хэрэгжилтийн үзүүлэлтээр 90.9 хувийн буюу өндөр үнэлгээтэй дүгнэгдсэн бөгөөд эрсдэл үүсэх магадлал бага буюу 9.0 хувьтай гарчээ. Харин ажилчдыг амь насны даатгалд хамруулах талаар албан шаардлага өгсөн байна.

Аюултай болон хүнд, овор ихтэй ачаа, тэсэрч дэлбэрэх аюултай ачааг тээвэрлэх журам, стандарт мөрдөгдөж байгаа боловч уг тээвэрлэлтийн талаарх мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Авто тээврийн үндэсний төв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох нэгж зэрэг олон газраас олгоог, эдгээр байгууллагуудын хооронд хийдэл, чирэгдэл үүсэх явдал байдгийг Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Б.Очирбат танилцуулсан юм. Энэ төрлийн ачаа тээвэрлэлтийн нэгдсэн хяналтын систем байгуулах хэрэгцээ байгааг тэрбээр дурдав. Мөн Ашигт малтмал, газры тосны газрын хэлтсийн дарга Д.Даваабаяр хийн түлш, нефть бүтээгдэхүүн импортлогч компаниудын ажилтнуудыг тэтгэвэрт суухад хүнд, хортой нөхцөлд хамруулахгүй байгааг холбогдох хуулийн өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хэрэглэгчдийн эрх, үүргийг тодорхойлох шаардлагатай гэсэн юм.

Ажлын хэсгээс дээрх асуудлаар хууль тогтоомжид оруулах өөрчлөлт, сайжруулалтын талаарх саналыг нэгтгэн боловсруулах дэд ажлын хэсгийг чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл