Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2025.06.10) Якутын Бүгд Найрамдах Улсын Төрийн Хурал болох Ил Түмний тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирковыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улсын уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн түүхэн хэлхээ холбоог онцлон тэмдэглэж, Оросын Холбооны Улс (ОХУ) болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс найрамдалт харилцаатай явж ирснийг цаашид шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцов. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооноос Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулах хуралдааны түр хэлэлцээрийг зөвшилцсөн талаар дурдаж, Засгийн газар хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улс хооронд худалдаа, эдийн засгийн харилцааны таатай нөхцөл боломж нээгдэж буйг дурдав.
Тэргүүн дэд дарга Александр Николаевич Жирков манай хоёр улс түүх, соёл, нийгэм, эдийн засаг болон спорт урлагийн өргөн харилцаа холбоотойг онцолж, энэ оны гуравдугаар сард тус улсын Үндэсний уран сайхны музейд Монголын зураач нар үзэсгэлэн гаргасан болон Якутын үндэсний спорт болох модон барилдаанаар Монгол Улсын тамирчид амжилт гаргаж буй тухай мэдээлэв. Тэрбээр ОХУ-ын Холбооны хурлын дэргэдэх Хууь тогтоогчдын Зөвлөл болон Төрийн Думын дэргэдэх Хууль тогтоогчдын Ассамблейн гишүүн бөгөөд Якутын анхдугаар хурлаас эхлэн Ил Түмэнд тасралтгүй сонгогдон, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, спорт, залуучуудын асуудал эрхлэн ажиллаж буй юм.
Монгол Улс, Якутын Бүгд Найрамдах Улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин тэлэх боломж бийг Дэд дарга, Тэргүүн дэд дарга нар ярилцаж, энэ талаар идэвх чармайлт гаргаж ажиллахаа харилцан илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.