Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2025.06.10/ “Эрх зүйн шинэчлэл-Хөгжлийн татах хүч” уриан дор Үйлдвэрлэл, технологийн паркийн форумыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэхүү форумыг Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн эрх зүйн зохицуулалт, цаашдын хөгжлийн асуудлыг хөндөн хэлэлцэхээр зохион байгуулсан бөгөөд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дүгнэлт гаргах, үйлдвэрлэл, технологийн паркуудын хүрээнд үйлдвэрлэл эрхлэх хувийн хэвшлийнхэнд төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм байна.
Форумд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбоо болон хувийн хэвшлийн паркуудын төлөөлөл оролцсон юм.
Форумын үйл ажиллагааг нээж Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар үг хэлсэн.
Тэрбээр, Улсын Их Хурал Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2022 онд баталсан. Энэ хуулийг батлалцаж байсан хүний нэг нь би. Тэр үед үйлдвэрлэл, технологийн парк хөгжинө гэсэн гоё мөрөөдөлтэй байсан. Харамсалтай нь санаснаар болоогүй. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид шийдвэрлэх асуудлын талаарх мэдээллийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан хууль тогтоомжуудын хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Уянгаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын 12 гишүүн ажилласан.
Энэ ажлын хэсэгтэй Үйлдвэрлэл, технологийн паркийн холбоод санаачилгатай хамтран ажиллаж байгаа. Өнөөдөр бид хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан, юуг өөрчилбөл зохилтой хийгээд гарц гаргалгаа нь юу байх талаар ярилцана.
Байнгын хорооноос гаргасан Засгийн газарт чиглэл өгөх тогтоол хуулийн адил хэрэгждэг. Тэрхүү тогтоолоор үүрэг, чиглэлээ өгөөд хэрэгжилтийг нь хамтдаа хянаад явах нь өнөөдрийн форумын үндсэн зорилго юм хэмээлээ. Үүний тулд үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэхэд төр ямар үүрэгтэй байх, дэд бүтцийн асуудал, хувийн хэвшлийнхэн ямар оролцоотой байх талаар форумд оролцогчидтой хэлэлцэн саналыг сонсож, шийдлээ олно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Дараа нь Хууль тогтоомжуудын хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Уянга “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хөрш орны туршлага” сэдвээр илтгэл танилцуулсан.
Тэрбээр бүсчилсэн хөгжил, хүнд үйлдвэрүүдийн байршлын талаар танилцуулж, 6 бүлэг, 19 зүйлтэй Үйлдвэрлэл, технологийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн. Мөн үйлдвэрлэл, технологийн 8 паркийн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлыг хөндсөн бөгөөд татвар, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой асуудал тулгарч буйг танилцуулсан. Мөн хөрш орнуудын туршлагаас хуваалцаад, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсгийн саналаас хуваалцсан юм.
“Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс монгол нэгдлийн үйлдвэрлэл, технологийн паркийн стратеги” сэдвээр, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр “Үйлдвэрлэл, технологийн паркийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд”, сэдвээр, “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбацэцэг “Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр, “Паркийн нэгдсэн холбооны тэргүүн Р.Батгэрэл “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулав.
Энэ өдрийн форум Түүхий эдийн хангамж, нөөцийн стратеги, Хүний нөөцийн бодлого, дэмжих стратеги, Татвар, эрх зүйн орчин, татах хүчний стратеги, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны стратеги сэдэвт салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид өндөр татвар зардал нэмэгдэхэд хүргэдэг, дэд бүтэц хангалтгүй байгаа нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг, тусгай зөвшөөрөл авахад хүндрэл учирдаг гэсэн бэрхшээлийн талаар дурдаад, урт хугацаатай бага хүүтэй зээл, гадны санхүүжилт, дэмжлэг шаардлагатай гэсэн асуудлыг хөндөж байлаа.
Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, дэмжлэг тусламжийн талаар хуульд тусгах, ингэхдээ татварын тодорхой урамшуулал, хууль, эрх зүйн уян хатан байдлын талаар тусгах саналаа илэрхийлсэн.
Эцэст нь салбар хэлэлцүүлгүүдээс гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн танилцуулаад, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатарт гардуулав.
Форумд оролцогчид үйлдвэрлэл, технологийн паркад бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 санал, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр 16 санал танилцуулсан бөгөөд форумаас гарсан санал, зөвлөмжийг төрийн бодлого, шийдвэрт тусгаж, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэрлэл технологийн парк, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахыг уриаллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.