Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийн асуудлаарх ажлын хэсгээс зохион байгуулж буй “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2025.06.17) эхэллээ.
Дээрх ажлын хэсэг хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, нэгдмэл, тасралтгүй байдлыг хэрхэн хангаж байгаа зэргийг тогтолцооны талаас нь судалж, санал дүгнэлтээ нэгтгээд байгааг тус Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа танилцуулсан юм. Үүний хүрээнд явуулсан судалгаа, мэдээлэл цуглуулах ажлууд, уулзалт, хэлэлцүүлгүүд, Ажлын хэсгийн хурлуудын тухай, мөн мэргэжлийн байгууллагууд, шат шатны эмнэлгүүдийн төлөөлөл, эмчлүүлэгчид, иргэд болон олон улсын байгууллага, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийн талаар дурдсан юм. Нөхцөл байдлыг шинжлэн судлахдаа ажлын хэсэг эрүүл мэндийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болгох, "их өгөгдөл"-ийн ашиглалт, тусламж үйлчилгээний хүртээмж, салбарын хүний нөөцийн хангамж, ажлын ачаалал, бүтээмж, гүйцэтгэлтэй уялдуулсан цалин хөлс, урамшуулал олгохтой холбоотой эрх зүйн орчныг онцгойлон анхаарсан байна. Мөн төрийн өмчийн эмнэлгийн хагас бие даасан байдал, засаглал, санхүүжилт, үйлчилгээний чанар, ажлын үр дүнг үнэлэх тогтолцоог хянан үзжээ.
Одоо мөрдөж байгаа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа онцолж, шинэчлэн боловсруулах хуулийн төсөлд эрүүл мэндийн тогтолцоог оновчтой бүрдүүлж, удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилт болон хариуцлагын механизмыг цогцоор нь шийдвэрлэх зорилт тавьж буйг танилцуулсан юм. Шинэчлэн боловсруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлгийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэнэ.
Хэлэлцүүлгийн үдээс өмнөх хуралдаанд ажлын хэсгийн ажлын албаны зөвлөх Л.Баярцэцэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдалга, зохион байгуулалтад тулгамдаж байгаа асуудлын талаар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачдын баг одоо мөрдөгдөж байгаа Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгааны тайланг, мөн ажлын хэсгийн ажлын албаны судлаач М.Буянжаргал эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн уулзалт, иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны үг дүнг тус тус танилцуулж, хэлэлцүүлсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, М.Бадамсүрэн, Р.Батболд, Д.Батлут, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Очирбат, Ж.Чинбүрэн, С.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Р.Батболд, С.Эрдэнэбат нар оролцож, салбарын удирдлагын тогтолцоонд оршиж буй дутагдалтай асуудлууд, үүний дотор Нийгмийн даатгалын сангийн удирдлагыг Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэх нь зөв эсэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжихэд бэлэн бус байснаас үүдэн гарсан сөрөг нөлөөллийг арилгах, үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн төлөөллийн байгууллагуудыг институтчилэх зэрэг асуудлуудыг хөндөн ярьж, ажлын албаны мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хүрэлцээ, цалин хөлсний хангамж, эм, эмнэлгйин хэрэгслий үнэ, ханш, эмийн сангийн хүртээмж, мөн сахилга, хариулагын талаар ямар дүгнэлт хийснийг асууж ярилцсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндий салбарын санхүүжилт 2026 онд улсын төсвийн 3.0 хувь байгаа нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, эмч, ажилтнуудын цалин хөлс бага, эмнэлгүүд өр зээлтэй, орны хүрэлцээ муу, дараалал хоёр сар хүртэл хугацаагаар үрэглжилсэн, тусламж, үйлчилгээний чанар маш муу болсон гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн болон ажлын дэд хэсгийн гишүүд, салбарын оролцогчид, мэргэжилтнүүдээс гадна олон улсын шинжээч, зөвлөхүүд оролцож байгаа юм. Үдээс хойших хуралдаанд олон улсын зөвлөх, хатагтай Марис Жессе, Каупбаева Ботагоз нар Бүгд Найрамдах Эстони Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын талаар танилцуулна. Мөн хэлэлцүүлэг маргааш (2025.06.18) үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.