Цэс

Холбоо барих

Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2025.06.17/ Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар даргалан явуулсан. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд оролцогчдыг нээлттэйгээр оролцохыг урьсан. Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулсан. Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудсаар олон нийтэд хүргүүлсэн гэдгийг тодотгосон юм.

Ингээд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Лхагвасүрэн овогтой Золзаяаг нэр дэвшүүлсэн талаар сонсгол явуулав.

Нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан танилцуулав.

Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай.  Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай,  үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна. Л.Золзаяа нь 2021 оноос хойш үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай хэмээн үзэж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж байна гэлээ.

Дараа нь нэр дэвшигч тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж буй талаараа мэдээлэл танилцуулав.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдвол төрийн албаны хүний нөөц шилжилт хөдөлгөөнийг нэгдсэн дата системээр хянах, хүний нөөцийн бодлого боловсруулахад өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах аргачлал нэвтрүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Тэрбээр, УИХ-ын даргын захирамжаар процессын дахин инженерчлэлийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Төрийн албаны үйл ажиллагаа, иргэдэд чиглэсэн үйлчилгээг илүү бүтээмжтэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй болгох аргачлалын системийг судалж нэвтрүүлэхээр ажиллаж буй юм байна. Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлжснээр төрийн бүтээмж 50 хүртэл хувиар өсөж, мэдээллийн урсгал нэмэгдэж, үйл ажиллагааны зардал багасч, авлига, хүнд суртлаас ангид байх боломжтой хэмээн тооцсон байна. Энэ ажлын хэсэгтэй Төрийн албаны зөвлөлийг төлөөлөн ажиллахаар төлөвлөж байна хэмээн танилцуулсан. Мөн чадахуйн зарчимд суурилсан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийг ажилласан жил, туршлагаас гадна ур чадвар, ёс зүйд нь тулгуурлан сонгон шалгаруулдаг тогтолцоог бол бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаагаа илэрхийлсэн. Түүнчлэн иргэд, олон нийттэй харилцах шинэ хандлага, төрийн албаны үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллахад анхаарч, төрийн албаны шинэчлэлийн хүрээнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж, хууль, эрх зүйн орчныг нутагшуулах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Байнгын хорооны гишүүд сонсголд оролцогчоос асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Зулпхар, Төрийн албаны шинэчлэл хийх зорилтын хүрээнд ямар асуудлыг чухалчилж ажиллах вэ хэмээн тодруулахад, нэр дэвшигч Л.Золзаяа, Төрийн албаны шинэчлэлтэй холбоотой гол анхаарах асуудал нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох хэмээгээд, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг өдөр тутам үнэлдэг менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Цэнддаваа овогтой Амартөгсийг нэр дэвшүүлсэн талаар сонсгол явуулсан.

Ц.Амартөгс 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 25 жил (дэс түшмэлийн албан тушаалд 8.8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 12, тэргүүн түшмэлийн албан тушаалд 4.7 жил) ажилласан туршлагатай, үүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ц.Амартөгс тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж буй талаараа мөн мэдээлэл хийсэн.

Төрийн албаны хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Төрийн албаны ангилал зэрэглэлийн тогтолцооны харилцан адилгүй байдал, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, төрийн албаны хүрээ, тогтолцоотой холбоотой асуудалд илүү төвлөрч ажиллахаар төлөвлөж байна гэв. Түүнчлэн аудит буюу урьдчилан сэргийлэх, чадавхжуулах үйл ажиллагаа, эрсдэлээс сэргийлэх механизмыг илүү бүрдүүлж, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулан,  хиймэл оюунд түшиглэсэн бодлогын шийдлүүдийг гаргадаг болох зэрэг хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.  

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Бадамдорж овогтой Төгсцэнгэлийн нэр дэвшүүлсэн талаар сонсгол явуулав.

Б.Төгсцэнгэл 1978 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжилтэй, хуулийн магистрын зэрэгтэй, төрийн албанд 15 жил (Ахлах түшмэлийн албан тушаалд 8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 5.5, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил) ажилласан туршлагатай, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн шинжээч, референт, Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт, зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг хашиж байна хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан.

Нэр дэвшигч Б.Төгсцэнгэл, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдвол төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, хүний эрхийг дээдэлсэн, нээлттэй, оновчтой, бүтэц, зохион байгуулалттай, өндөр бүтээмжтэй болоход бодлогын түвшинд анхаарч таван чиглэлд санаачилга гарган ажиллах зорилго тавьж байна хэмээсэн.

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү уялдаатай үр нөлөөтэй болгохын тулд төрийн албаны бүтэц зохион байгуулалтын түвшинд шинэчлэлийн тодорхой алхмуудыг шат дараатай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харж байгаагаа илэрхийлээд, үүний тулд төрийн албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн, үр ашигтай, оновчтой бүтэц бүхий төрийн албыг төлөвшөх зорилгоор зорилгоор чиг үүргийн нарийвчлал шинжилгээ хийх төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дахин загварчилж процессын дахин инженерчлэл хийх замаар орчин үеийн менежментийн аргачлалд тулгуурлан бүтцийн онцлог хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэв. Тэрбээр Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг цэгцлэх, үр ашиггүй бүтэц, нэгжүүдийг шинэчлэн төлөвлөх, эрх мэдэл, хариуцлагын тэнцвэрт байдлыг хангах замаар төрийн албаны институцийн чадвар үр нөлөөг дээшлүүлэх бодлогыг дэмжиж төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн. Үргэлжлүүлэн анхаарал хандуулан ажиллах таван чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.  

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдын эрх ашгийг нь хамгаалах, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн асуудалтай холбоотой хуулиудад  анхаарлаа хандуулж, саналаа өгдөг байх нь зүйтэй. Төрийн албаны тухай хуулиудыг хэлэлцэж байх үед саналаа нэгтгэж, хууль батлагдсаны дараа үүсэх асуудлыг сануулж ажиллах хэрэгтэй байна гэсэн бол хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нь хангах, хуулийг мөрдүүлэх албан тушаалтнууд гүйцэтгэх засаглалынхантай зэрэгцэж суугаад асуудалд хандаад байж болохгүй хэмээсэн. Тэрбээр, улс төржсөн энэ томилгоог төрийн албанаас холдуулж, “шүдгүй арслан” шиг биш шийдвэр гаргадаг байгууллага байх ёстойг сануулсан юм.

Ийнхүү сонсгол өндөрлөж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголын тайланг гаргахаар хаалттай хуралдав. Тайланд сонсголын дүнд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгах бөгөөд мөн тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал дүгнэлт гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилох шийдвэр гаргах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл