Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 24 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн  хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай Монгол Улсын хуулиуд болон Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хуулийн төсөл буцаах тухай, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай, Тооллогын комисс байгуулах тухай, Нууц санал хураалт явуулах, дүнг  гаргах журам батлах тухай, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай  Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй  дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох онооны аргачлал болон зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд таван жилээр тусгах нөхцөл, шаардлагыг дараах нөхцөлийг харгалзан батлахыг Монголбанканд даалгасан байна. Үүнд: “1/иргэн, хувийн өмчит хуулийн этгээдийн зээлийн ангилал давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хэвийн ангиллаас бусад ангилалд орсон бөгөөд зээлийн өр, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд, түүнчлэн нийгэм, эдийн засгийн бусад нөхцөл байдалтай уялдуулан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг уян хатан тогтоох; 2/иргэн, хувийн өмчит хуулийн этгээдийн зээлийн төрөл, зээлийн өр, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хугацаанаас хамаарч зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг уян хатан тогтоох; 3/энэ тогтоолын 1 дэх заалтын 1, 2 дахь дэд заалтад төрийн захиргааны төв, төрийн захиргааны байгууллагын дэргэдэх сангаас болон Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй, түүнчлэн хэвийн зээлийн ангиллаас бусад ангилалд орсон иргэн, аж ахуйн нэгж, түүний зээлийн мэдээллийг хамааруулахгүй байх” гэжээ.

Мөн Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор  Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ. Тооллогын комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Аюушийн Ариунзаяа, Дамбын Батлут, Отгоншарын Батнайрамдал, Энхбатын Болормаа, Мөнхтөрийн Нарантуяа-Нара, Мягмардашийн Сарнай, Лутаагийн Энхнасан  нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Түүнчлэн Нууц санал хураалт явуулах, дүнг  гаргах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг хавсралтаар баталсан байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай  Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Л.Оюун-Эрдэнэд даалгасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл