Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны дарга, гишүүд Менделийн их сургуулийн ойн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, А.Ундраа нар Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.06.18/  хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, сургалт явуулж, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа явдалд талархлаа илэрхийлээд эх газрын эрс, тэс хуурай уур амьсгалтай манай орны байгаль, ялангуяа ойн санд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эмзэг тусаж байгаа тул Улсын Их Хурал, Байнгын хорооны зүгээс энэ асуудалд онцгойлон анхаарч ажилладаг гэлээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг дурдаад энэ хүрээнд Менделийн их сургууль болон ойн судалгааны багийн “Кабинет” төслийн зүгээс салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүүхэд, залууст экологийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх, тус их сургуульд ойн чиглэлээр монгол залуусыг сургах үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг захиад, цаашдын хамтын ажиллагаанд Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Менделийн их сургуулийн профессор Давид Юржичка Байнгын хорооны дарга, гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Чех Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад 2014 оноос хойш ой, модны салбарт хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцуулав.


Мөн тэрбээр Менделийн сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа ойн судалгааны багийн “Кабинет” төслийн хүрээнд Монголд ирж, Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллан ойн байгууллагын мэргэжилтнүүд, энэ чиглэлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад зориулсан сургалтуудыг явуулахаар болсноо дуулгахын зэрэгцээ ойн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, ойн менежменттэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл