Цэс

Холбоо барих

“Улс төрийн намын шударга байдал” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжиллээ

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд хоёрдахь өдрөө /2025.06.18/ үргэлжиллээ.


Өнөөдрийн хэлэлцүүлэг “Улс төрийн намын шударга байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын хүний эрхийн алба (АИХЭА)-ны Ардчилсан засаглал, жендэрийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова нар нээж үг хэлэв.




Түүний дараа УИХ дахь суудалтай Ардчилсан нам, Хүн нам, Иргэний зориг-ногоон нам болон Үндэсний эвслийн төлөөлөл үг хэллээ. Тухайлбал, Хүн намыг төлөөлж, УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл хэлэхдээ, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд тогтворгүй байдал үүсч ан цав гарсаар байна. 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар унасан  шалтгаан бол өнөөдрийн манай улсын нийгэм, улс төрийн нийтлэг дүр төрх юм. Ард түмэн ёс зүйтэй, шударга байдлыг нэхэмжилсээр байна. Олон жил шударга ёсны төлөө, хариуцлагыг төлөвшүүлэхийн төлөө улс төрийн намууд их ярилаа. Харамсалтай нь нөхцөл байдалд эерэг үр дүн маш бага гарч байна. Хүн намын хувьд нийгэм, улстөрд шинэ дэвшлийг авчрах буюу олон жил бугшсан асуудлуудыг шийдэхийн тулд анх байгуулагдаж байсан. Манай нам ёс зүйтэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан намд элсэж буй хүн бүр андгай тангараг өргөдөг. Энэ хүсэл зорилгынхоо төлөө бид тэмцсээр байгаа ч санасан хэмжээний үр дүнд хүрэхгүй байна. Хоёрдугаарт, улстөрийн намуудын ил тод, хариуцлагатай байдал хэрэгжихгүй байна. Нэн ялангуяа санхүүгийн хувьд нээлттэй байж чадахгүйгээс авлига, хээл хахууль болон бусад асуудлууд хөгжлийн дараа тээр болсоор байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож буй та бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлог байдал хийгээд гадаад орчны нөхцөлд нийцүүлэн үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна гэв.




“Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын ёс зүй, шударга байдал” сэдвээр ЕАБХАБ-ын Улс төрийн намын шинжээч, Ноттингхэмийн Их сургуулийн профессор Фернандо Касал Бертов илтгэлээ. Тэрбээр, ЕАБХАБ-ын бүс нутгийн 90 гаруй улс төрийн намын талаар хийсэн судалгааг үндэслэн үнэлэлт, дүгнэлтээ танилцуулсан. Тухайлбал, ёс зүйтэй улс төрийн нам ямар зарчим баримтлах ёстой вэ, ёс зүйн дүрэмд ямар асуудлууд багтах вэ, энэ асуудал хэнд хамаарах талаар илтгэлдээ онцолж байв. Ёс зүйн дүрэмд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, бусдын нэр хүндэд халдах асуудлуудыг хориглож, улс төрийн намын гишүүдэд энэхүү сахилга батыг сахих нь хамгийн чухал ажээ. Энэ мэтээр тухайн бүс нутгийн улс төрийн намуудын дотоод ёс  зүйн удирдлагын байгууллагуудын төрөл, ёс байгууллагын томилгооны журам, үйл ажиллагааны эх үүсвэр, сахилгын арга хэмжээний төрөл, сахилгын шийдвэрийн хянан шийдэх зэрэг асуудлуудаар хийсэн судалгааны дүнгээ танилцуулаад  үр дүнг онцоллоо.  Намууд ихэвчлэн намын дүрмээ сахихыг олон хэлбэрээр шаардаж, үүргээ биелүүлсэн гишүүдийнхээ дараагийн улс төрийн карьерийг дэмждэг ажээ. Харин ёс зүйн дүрэмд тусгагдсан хөрөнгө, орлогын  болон  ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг зэргээ ташаа мэдүүлэх тохиолдолд ихэвчлэн нэр дэвшүүлэх эрх, сонгуулийн санхүүжилт алдах шийтгэлтэй байдаг ч гишүүнчлэлээс хасагдах тохиолдол маш ховор байна.




Мөн намын гишүүд, албан тушаалтнууд нэр дэвшигчид, төлөөлөгчдөд сахилгын арга хэмжээ авах тохиолдол цөөн байхаас гадна дотоод сахилгын болон ёс зүйн удирдлагын байгууллагууд тодорхой дүрэмгүйгээр зөрчил шийдвэрлэх тогтолцоо байхгүй гэх зэргээр илтгэлдээ онцоллоо. Мөн хэлэлцүүлэг үргэлжлэн ЕАБХАБ-ын Авлигатай тэмцэх төв, Ардчилсан засаглал хэлтсийн мэргэжилтэн Нина Чантурия “Улс төрийн намын ёс зүйн дүрмийг боловсруулах асуудлууд, улс төрийн намын шударга байдлын механизм хөгжүүлэх хэрэгцээ, үр нөлөө” сэдвээр илтгэв. Тэрбээр, улс төрийн намын шударга байх нь тухайн улсын төрийн үйл хэрэгт шууд нөлөөлдөг. Улс төрийн намуудын дотоод уур амьсгалыг сайжруулахын төлөө ёс зүйн дүрэм батлан хэрэгжүүлэх нь ардчилсан улс төрийн оролцоо, төлөөллийн чанарт эерэг нөлөө үзүүлдэг. ЕАБХАБ-ын Хэрэг эрхлэх газар улс төрийн намуудад ёс зүйн дүрэм боловсруулахад тусгайлсан чиглэл боловсруулж өгөх, улс төрийн намуудын гишүүдэд сургалт зохион байгуулах, ёс зүйн дүрмийн төсөлд санал, зөвлөмж өгөх зэргээр ажилладаг гэв. Эдгээр илтгэл бүрээр хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авсны дараа ёс зүйн сорилтуудаар кейс судалгаа хийлээ.



Тус хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн Б.Жаргалан болон  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова  үг хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл