Цэс

Холбоо барих

НББХ: Б.Түвшин нарын 41 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.27) хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолыг баталлаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн энэ оны тавдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хороны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин хийлээ. Хууль санаачлагчид хуулийн төслийг хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлж, татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан боловсруулжээ. Хуулийн төсөлд, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасахаар заасан байна. Түүнчлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг зардал, үр өгөөжийн шинжилгээ буюу Cost Benefit Analysis-ний аргаар тооцож үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин танилцуулж, зардлын бага, дундаж, өндөр хувилбар бүхий нөхцөлөөр тооцоход бүх хувилбарууд эерэг үр өгөөжтэй гарсныг онцолсон юм. Хуулийн төсөл батлагдаж, бодлогын өөрчлөлт гарсны нөлөөллийн үр дүнг өнөөгийн үнэ цэнээр тооцоход дунджаар 254.0 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байхаар гарсан байна. Мөн 2025-2027 онд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 1508, хоол, унаа, түлээ, нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 2479, ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14371, нийт 18358 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ. Шинээр бий болох ажлын байрны өсөлтөөр нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын орлого 2025-2027 онд дунджаар 242.1 тэрбум төгрөгөөр өсөх юм. Түүнчлэн макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг SVAR  буюу Structural Vector Autoregre загвараар тооцоход ДНБ эхний жилд 973 тэрбум, хоёр дахь жилд 820 тэрбум, гурав дахь жилд 695 тэрбум төгрөг, нийт 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгааг тэрбээр дурдав.

Хуулийн төсөл батлагдсанаар хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, эдийн засаг, хууль зүйн дарамт, эрсдэл буурч, тэдгээрийн ашиг орлого, үйл ажиллагааны төрөл нэмэгдэх, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал буурч ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөх боломж нэмэгдэх, ажилтны ашиг орлого, худалдан авах чадвар сайжирч, хэрэглээ өсөх, ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, ажилгүйдэл буурах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, улсын эдийн засгийн эргэлт сайжрах, юмны үнэ буурах зэрэг нийгэм, эдийн засгийн болон хууль хоорондын зөрчил арилах зэрэг эрх зүйн эерэг нөлөөтэйг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин тэмдэглэв. Эдгээрийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг сэргэн тэлж, далд эдийн засаг ил болж, татварын суурь өргөжиж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, С.Зулпхар, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийн зохицуулалт, үүрэг, нөлөөллийг нийгэмд зөвөөр ойлгуулах, ажил олгогчид болон ажилтнуудад шууд тусах үр нөлөөг нягтлах, санхүүгийн үр дагаварын тооцооллыг зөв тооцож, эрх зүйн ойлголтуудыг нэгтгэх, Засгийн газраас боловсруулж буй хуулийн төсөл, яам болон холбогдох байгууллагын саналыг харгалзан үзэж, хамтатган боловсруулах зэрэг асуудлыг хөндөж, тодорхой хариулт, тайлбар авсан юм. Мөн хуулийн үйлчлэлийг сонголттой болгох буюу даатгуулагчдад хэрэглэх, хэрэглэхгүй байх боломж өгдөг байхаар зохицуулж болох эсэх, Нийгмийн даатгалын сангийн орлогыг тасалдуулахгүй байх үүднээс зохицуулалт, тохируулга хийж боломжтой эсэх, тооцоо судалгаатай байж том тогтолцоогоо эвдэхгүй байхад анхаарах, бизнес эрхлэгч, татвар төлөгч, орлого төвлөрүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, шимтгэлийн бааз сууриа нэмэгдүүлэх бодлогы хэрэгжүүлэх зэрэг олон өнцгөөс асуудалд хандаж байлаа.

Хууль санаачлагчид, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хуулийн төсөлд туссан гурван зохицуулалтын нэг буюу хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгөнд оногдуулж буй шимтгэлийн тооцоон дээр санал зөрүүтэй байгаа нь хамтраад шийдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, Улсын Их Хурал, Засгийн газар ойлголцож, хамтарч ажиллах нь чухал байгааг анхааруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин бизнесийн орлогыг хамгаалах шаардлага тулгамдаж байгааг дурдан, өнөөдрийн татвар, шимтгэлийн өндөр ачаалал хэвээр үргэлжилбэл харин ч Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж, дампуурахад хүргэх эрсдэлтэй гэв. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлахдаа Засгийн газрын бодлоготой нийцүүлэх ёстой гэсэн хандлага байж болохгүйг санууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хуулийг хэсэгчилсэн байдлаар өөрчилж засварлахдаа бүхэл тогтолцоогоо эвдэх эрсдэлээс болгоомжлох нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хуулийн төслөөр зохицуулсан харилцааны талаар нийгмийн эрэлт байгаа бол хууль тогтоогчид түүнд тохирсон шийдлийг гаргах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд, холбогдох тооцоо судалгааг нарийвчлан хийхийг зөвлөж, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг хэвийн байгааг мэдээлсэн юм. Түнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан холбогдох эрх зүйн орчныг шинэчлэх талаар Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатайг зөвлөж, хөгжлий бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, судалгаа, тоо баримтыг нарийвчлан гаргаж ажиллах тухай Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шаардлагатай санал нэг байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа хуулийн төслийг дэмжиж байгаагаа онцлоод, аж ахуйн нэгжүүдэд оногдож байгаа ачаалал, эрсдэлийг өөр арга хэлбэрүүдээр нөхөх боломжийг эрэлхийлж ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир төрийн байгууллагууд одоо байгаа байдалдаа сэтгэл ханаад, өөрчлөлт шинэчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй болсныг шүүмжилж, сүүлийн дөрвөн жилд төрийн албан хаагчдын тоо 10 хувиар өссөн бол аж ахуйн нэгжид ажилладаг албан хаагчдын тоо энэ хугацаанд ердөө 8.9 хувиар өссөн тухай дурдаад, татвар, шимтгэлийн зөв бодлого, орчинтой байсан бол хувийн хэвшилд ажиллагсад илүү өсөх байсан гэлээ. Дэлхийн аль ч улсад иргэний хуулиар зохицуулсан гэрээний дагуу олж байгаа орлогыг хөдөлмөрийн харилцаатай адилхан үзэж, татвар шимтгэл авдаггүй болохыг тэрбээр онцлоод зөвхөн Нийгмийн даатгалын сангийн орлого талаас асуудалд хандахгүй байхыг уриалав. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын санаачлан боловсруулсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх үүднээс боловсруулж буй хуулийн төслөө нэн даруй өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээн хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжив.

Дараа нь НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, снсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхараар даргалуулан энэ оны долдугаар сарын 01ий өдөр зохион байгуулахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд уг тогтоолыг батлагдсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл