Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2025.06.18/ АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын албаны гүйцэтгэх захирал хатагтай Жэйн Саргус тэргүүтэй төлөөллийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын алба нь парламент хоорондын хамтын ажиллагааны “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг олон улсад хэрэгжүүлдэг бөгөөд уг хөтөлбөр манай улсад 2016 оноос хойш хэрэгжиж байна.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байна гээд, “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2025 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэв. Түүнчлэн, 2016 оноос тус албатай хамтран Монголын парламентын гишүүд болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан 6 удаагийн хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг онцлоод, 2025 оны 09 дүгээр сард ээлжит хөтөлбөр хэрэгжих болсонд талархал илэрхийлэв.
Хатагтай Жэйн Саргус, АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын ажлын албаны зүгээс бусад улс орнуудад хэрэгжүүлж буй “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн ач холбогдлыг дурдаад, Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар тодруулж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.