Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг төслийг өргөн мэдүүлэв.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтад “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Улсын Их Хурал “нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тайлант онд улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 20,652.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 20,533.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 99.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Төсвийн тогтворжуулалтын санд 478.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс нийт 443.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 20.089.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны гүйцэтгэлээс 24.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 21,372,4 тэрбум төгрөг буюу 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.