Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 25 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд дараах агуулгатай 20 дахь хэсэг нэмсэн. Үүнд: “20.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэжээ. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.

Түүнчлэн тус дугаарт Засгийн газарт чиглэл өгөх тухай, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт Монгол Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: 1/Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 онд дуусаж байгаатай холбогдуулан агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар, салбар хоорондын оролцоог хангасан агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө болон хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөг хараат бусаар, хөндлөнгийн хяналт хийх иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган боловсруулж, хэрэгжүүлэх; 2/гурван жилийн дотор нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол Улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх буюу PM2.5 тоосонцрыг 25 мкг/м3, РМ10 тоосонцрыг 50 мкг/м3, NO2 азотын давхар ислийг 40 мкг/м3, SO2 хүхэрлэг хийг 20 мкг/м3 хүртэл бууруулах тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах; 3/агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, тухайн бүсэд байрлах сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх; 4/агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүс дэх эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх арга хэмжээг авч, зорилтот бүлэгт хүрч ажиллах; 5/угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэр хорооллын өрх бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах; 6/агаарын бохирдлын талаарх мэдээллийг өдөр тутам олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох, (олон нийтийн радио, телевизийн цаг агаарын мэдээтэй хамтатган Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн агаарын бохирдлын хэмжээг мэдээлэх) зорилтот бүлэгт хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх; 7/угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх; 8/гэр болон барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах стандарт боловсруулан батлуулж, цахилгаан, дулааны тархмал эх үүсвэрийн технологи нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 9/нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гадаад, дотоод орчны агаарын чанарын болон шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлыг нэн даруй зохион байгуулж хэрэгжүүлэх; 10/агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр гэр хорооллын өрх, аж ахуйн нэгжид гэр, байшингийн дулаалгын арга хэрэгслүүдийг сурталчлан таниулах, санхүүгийн хямд эх үүсвэр, хөшүүрэг бий болгох замаар яндангийн тоог бууруулах; 11/агаар бохирдуулж байгаа аливаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, иргэн, аж ахуйн нэгжид төрөөс татаас, урамшуулал олгохгүй байх санхүүгийн механизмыг бүрдүүлэх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх, чанар, стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл, худалдааг хувийн хэвшлийн санаачилгад тулгуурлан зах зээлийн зарчимд нийцүүлэн зохион байгуулах; 12/хатуу түлшний хэрэглээг халах ажлыг зохион байгуулахдаа стандартын шаардлага хангасан дулаалга, цахилгаан халаалт, хий, бусад түлшийг ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийж, иргэд өөрсдөө сонгох эрхтэй байхаар зохицуулах; 13/хавдар үүсгэх олон цагаригт нүүрс-устөрөгч, дэгдэмхий органик нэгдлийг хэмжих лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, агаарын үндсэн бохирдуулагчийг хэмжих тоног төхөөрөмжөөр аймгийн төвүүдийг яаралтай хангах, хүний нөөцийн чадавхыг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 14/Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулах; 15/орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл