Цэс

Холбоо барих

Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов


Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх өнөөдрийн (2025.06.23) уулзалт-хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Уулзалт-хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ажиллаж байгаа бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар арга хэмжээг нээж үг хэлсэн бол Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээ дэвшүүлсэн.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалт-хэлэлцүүлгийн эхний өдөр нийт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Нээлтийн арга хэмжээний дараа Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов.


Эхлээд НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан; ОУПХ-ны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын асуудлаарх шинжээч; Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмуудын талаар илтгэл танилцуулав. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийн сэдэв, зорилгын талаар болон хүний эрхийн суурь баримт бичгүүдийн талаар ерөнхий мэдээлэл танилцуулсан. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ялангуяа Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR), болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг  устгах хорооны (CEDAW хороо) үйл ажиллагаан дахь парламентын ойлголт мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэрбээр тэмдэглэв.


Хүний эрхийн баримт бичгүүдийн суурь болох НҮБ-ын Дүрэм нь 1945 онд зургаан хэлээр батлагдсан хэмээгээд “Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх” гэсэн нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хатагтай Хилари Гбедемах онцлон эшлэв. Түүнчлэн 1948 онд батлагдсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь чухал суурь баримт бичиг хэмээгээд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэсэн нэгдүгээр зүйлийг онцоллоо. Жендэрийн тэгш байдлыг хангах агуулгаар энэ зүйлд  “…эгч дүүсийн харилцаа …” гэсэн тодотгол хийх саналаа дурдав. Энэхүү зарчимд тулгуурласан дээрх суурь баримт бичгүүд нь хүний эрхтэй холбоотой олон улсын бусад бүх баримт бичиг, хууль, журмын үндэс гэдгийг дурдсан. Илтгэгч хүний эрхийн талаар ерөнхий мэдээллийг танилцуулаад хүний үндсэн эрх болон нийгмийн нийтлэг эрхийг олон улсын гэрээ, конвенц, улс бүр Үндсэн хуульдаа баталгаажуулсан байдгийг хэллээ. Олон улсын холбогдох гэрээ, конвенцуудыг соёрхон баталсан гишүүн орнууд тэдгээрийн зохицуулалтыг хууль тогтоомж лугаа дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдгийг тодотгов. Хүний эрх нь нийгмийн бүх талбарт хэрэгжих байх ёстой бөгөөд Иргэний болон улс төрийн эрх; Эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон нийгмийн нийтлэг эрхүүд (коллектив эрх)-ийг онцолсон. Хүний эрх нь хүн нэг бүрд хамааралтай түгээмэл, хуваагдашгүй, салшгүй бөгөөд харилцан хамааралтай ойлголт учраас аль нэгийг орхигдуулж, аль нэгийг онцлох боломжгүй байдаг гэв. Хүний эрхийн аливаа нэг зөрчил нь харилцан хамаарлаараа өөр нэг эрхийн зөрчил үүсгэж байдаг уялдааг тайлбарлаж байв. UPR-ийн гол зорилго нь хүн бүр эрх тэгш байх заяагдмал эрхийг хангахын чухал бөгөөд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгээрээ эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах асуудлыг онцолж, “бууруулна, багасгана” гээгүй, “устгана” гэсэн байгаад нийтээрээ анхаарахыг хүсэв. Хүний эрхийн хангах хүрээнд тэгш, ялгаварлалгүй гэдэг нь онцлогтой болохыг хатагтай Хилари Гбедемах тайлбарлаж байв. Тусгай хэрэгцээт, тухайлсан онцлог бүрд тохирсон байдлаар эрхийг нь хангах асуудлыг анхаарах ёстой хэмээгээд Монгол Улс үүн дээр анхаарах нь зүйтэй гэдэг санал дурдаж байв. Ингэхдээ байнгын арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтойн зэрэгцээ түр хугацааны, эсвэл онцгой арга хэмжээг тохируулан авч хэрэгжүүлэх шаардлагатай байдгийг хэлсэн. Хүний эрхийн чиглэлээрх үүрэг хүлээгч нь дараах үүргийг хүлээдэг байна.


Хүний эрхийн арга хэрэгслүүд нь олон улсын түвшиндээ хуульчлагдсан, зайлшгүй дагаж мөрдөх гэрээ; конвенц; пакт; протокол байдаг бол зарчим; дүрэм; стандарт; тунхаглал зэрэг хуульчлагдаагүй, зөвлөмж хэлбэртэй байдаг аж. Харин улс орны түвшинд нэн тэргүүнд Үндсэн хуульдаа тусгах, хууль тогтоомждоо бодлогод тусгах, шүүхийн шийдвэр, дүүрэг (хороо) журам, дүрмүүдээ тусгасан байдаг. Монгол Улс нь Үндсэн хууль болон дотоодын хууль тогтоомждоо бүрэн агуулгаар хэдийн тусгаж, хэрэгжүүлж байгааг тэрбээр илтгэлдээ тэмдэглэн хэлж байв. Үүний зэрэгцээ хүний эрхийн асуудал нь бүх түвшинд буюу олон улсын, бүс нутгийн болон үндэсний тогтолцооны уялдаа холбоогоор бэхжиж хэрэгждэг болохыг дурдсан.


Үргэлжлүүлэн НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмуудын талаар илтгэлдээ хатагтай Хилари Гбедемах хүний эрхийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, Монгол Улсын  соёрхон баталсан НҮБ-ын хүний эрхийн үндсэн гэрээнүүд болон Монгол Улсын  соёрхон баталсан нэмэлт протоколуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав.


Илтгэгч НҮБ-ын Хүний эрхийн гэрээний тогтолцооны талаар, НҮБ-ын хүний эрхийг хамгаалах болон хяналтын механизмын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Гэрээнд нэгдэн, үүрэг хүлээсэн улс орнууд үүрэг амлалтын хэрэгжилтээ тухай бүр тайлагнаж, энэ хүрээндээ олон талт хамтын ажиллагаа өрнүүлдэг болохыг дурдаж байв. Монгол Улс нь 1979 онд батлагдсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг  устгах (CEDAW) олон улсын гэрээнд 1981 онд нэгдэн орсон бөгөөд ээлжит тайлангийнхаа дүгнэлтийг 2022 онд хүлээн авсан байна.


Дараа нь Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизмын тухай танилцуулж, Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцүүлэх болон хяналт тавих үйл ажиллагааны талаар илтгэл тавив. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) нь НҮБ-ын  гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм болохыг тайлбарлаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2006 онд Хүний эрхийн Комиссыг Хүний эрхийн зөвлөл болгон өөрчлөн байгуулж, “гишүүн бүх улсынхаа хүний эрхийн үүрэг, амлалтынх нь биелэлтийн талаар үнэн бодит мэдээлэлд үндэслэн, тэдэнд шударга бөгөөд бүхий л хүрээний асуудлыг хамруулан дүгнэлт хэлэлцүүлэг хийх” эрхийг олгосон байна. Гишүүн орон бүр Хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ нийт гишүүддээ танилцуулж, нийтээрээ хэлэлцдэг хамтын механизм. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн дөрөв дэх мөчлөг 2027 он хүртэл үргэлжлэх бөгөөд гишүүн орнууд 100 хувь оролцож байгаа тоо баримтыг танилцуулав. Энэ хугацаанд зөвлөмжийн тоо 287 хувиар нэмэгдсэн нь улс орнуудын оролцоо идэвхийн илэрхийлэл, нийт зөвлөмжийн 76 хувийг хүлээн авсан байгаа нь механизмын үр дүн, ач холбогдлын илэрхийлэл гэв. Үргэлжлүүлэн Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн үе шат, бүтэц, Монгол Улсын 2025 оны Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн цаглаврыг танилцуулсан. Парламент энэхүү үйл явцад үндэсний илтгэл боловсруулахад оролцох, үндэсний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын гишүүдийг оролцуулах, мөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр оролцох боломжтой аж. Баримт судалгаанаас үзэхэд улс орны хэрэгжүүлэх зөвлөмжийн 70 хувьд парламентын оролцоо шаардлагатай байдаг ба энэ нь эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхэлдэгтэй холбоотой гэв.


Зөвлөмжийг хүлээн авахаас эхлээд бүх үе шатад парламентын үүрэг, оролцоо чухал бөгөөд Хүний эрхийн асуудлаар парламентын тусгай хороо(д) байгуулах; Хүний эрхийн гэрээ, хэлэлцээрийг батлах; Хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж батлах; Засгийн газар амлалт үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавих; Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах явдлыг дэмжих; Хүний эрхийн асуудалд төсөв санхүү хуваарилах; Олон нийтийн үзэл бодлыг идэвхжүүлэх; Бусад улс орны хүний эрхийн оролцогч талуудтай хамтын ажиллагааг дэмжих зэргийг дурдсан.

Парламентын хяналтын механизм нь хэрэгжилтийн явц, идэвхжүүлэх, эрчимжүүлэхэд чухал түлхэц болдог байна. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн дагуух зөвлөмж нь тасралтгүй үргэлжлэх үйл явц гэдгийг илтгэгч онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын хүний эрхийн механизм дахь үндэсний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын гишүүдийн оролцооны талаарх тоо баримтыг хатагтай Бутайна Ламхарзи танилцуулав. 2020 оноос хойш уг үзүүлэлт өндөр өсөлтэй байгаа аж.


Засгийн газар үүрэг амлалтаа биелүүлж буй эсэхэд парламент бүх талаар хяналт тавих боломжтойн зэрэгцээ гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, асуулт, асуулга тавих, сонсгол зохион байгуулах, Түр хороо байгуулах, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар дүгнэлт гаргах зэрэг олон хэлбэрээр оролцоотой байх, үүрэг хүлээж ажиллах боломж байдаг гэв. Монгол Улсын парламент нь үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах; хүний эрхийг хамгаалахад төсөв санхүү хуваарилах; хүний эрхийн гэрээ хэлэлцээрүүдийг батлах; олон нийтийн үзэл бодлыг идэвхжүүлэх чиглэлд идэвхтэй дэмжин, өндөр оролцоотой ажилладаг гэж дүгнэж буйгаа хатагтай Бутайна Ламхарзи хэлсэн. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцооны сайн жишээ болох Узбекстан, Гүрж, мөн Хорват, Марокко, Бразил, Мексик, Канад зэрэг улс орнууд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийн явцад сайн туршлагуудаа дэлгэрэнгүй хуваалцах болно гэв.


Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл талаар танилцуулга хийсэн. Илтгэлийнхээ эхэнд тэрбээр өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлэгт оролцож байгаа нийт оролцогчдод талархал илэрхийлээд энэ өдрүүдэд хүн төрөлхтний хувьд том сорилтууд шил даран хөвөрч байгааг дурдав. Олон улсын нөхцөл байдал нь НҮБ-ын энэхүү тогтолцоо, цаашлаад хүний эрхийн энэ төлөв байдлын асуудал дэлхий дахинаа хэрхэн энхийн замаар тогтвортой үргэлжлэх дээр анхаарах шаардлага байна хэмээгээд “Монгол Улс, Монгол Улсын парламентын хувьд НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. Тэр дундаа улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлд НҮБ-ын өмнө төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ялангуяа хүний эрх, эрх чөлөөний талбарт бодлогын болон шийдвэр гаргалтдаа онцгой ач холбогдол өгч байгаа гэдгийг тэмдэглэж хэлье” гэв. Монгол Улсын Их Хурал 2024 онд шинэ бүрэлдэхүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд таван тулгуурт шийдвэр гаргах механизмыг баталсан талаар танилцууллаа. Тодруулбал, хүн төвт бодлогыг хэрэгжүүлэх үүднээс парламентын хүний эрхийг дээдэлж, шийдвэр гаргаж байхаар энэ стратегид тусгасан. Энэ нь зөвхөн НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг төдийгүй Монгол Улсын парламент нь өөрөө бүхий л түвшинд хүний эрхэмсэг оршихуй, заяагдмал эрхийг дээдэлж байх шалгуур үзүүлэлтийг баталснаараа онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр зорьж ажиллаж байна. Мөн үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн цогц шийдвэр гаргахаар стратеги баталсан. Мөн шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжиж, энэ нь хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад чиглэсэн шийдвэр гаргалтаа улам чамбайруулахаар зорьж байна. Олон ургалч үзэл бүхий шинэ үеийн парламентын бэхжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн гэв.

Ийнхүү илтгэлээ эхэлж, НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын  илтгэл”-ийг хэлэлцүүлсэн байдлын талаар мэдээлэл өгөв. 15 жилийн өмнө буюу 2010 онд анхдугаар илтгэлээ хэлэлцүүлж нийт 129 зөвлөмж өгсний 126 хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар үүрэг, амлалт авсан байдаг. Дараа нь 2015 онд II илтгэлээ хэлэлцүүлэхэд 190 зөвлөмж өгсний 150 -ыг нь хэрэгжүүлэхээр Засгийн газар үүрэг, амлалт авсан. 2020 онд III  илтгэлээ хэлэлцүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 190 зөвлөмж өгснөөс Засгийн газар 170 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг, амлалт авсан. Энэ оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газар Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т IV илтгэлээ хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.


ХЭҮК-т эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм бий болгосон явдал; Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан явдал; Шүүхийн хараат бус байдал, мэдээлэл авах эрх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг сайжруулсан зэргийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар сайшаасан байна. Үүний зэрэгцээ холбогдуулан өгсөн зөвлөмжүүдийг, тулгамдаж буй асуудлуудыг нэгбүрчлэн танилцуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар тэргүүтэй холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хариуцсан байгууллагууд, өнөөгийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.


Монгол Улсын Засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Дөрөвдүгээр илтгэлээ хэлэлцүүлэх бөгөөд “Бид гэрийн даалгавраа амжилттай хийхээр ажиллаж байна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо холбогдох байгууллагуудтай удаа дараа уулзаж, зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж байв. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын 126 гишүүний 81 нь шинээр сонгогдсон, салбар бүрдээ мэргэшсэн мэргэжлийн хүмүүс байгаа учраас аливаа асуудлыг олон талаас нь харах, хууль тогтоогчдын уламжлалт арга барилыг шинэ сэргэг, дэвшилтэт байдлаар, технологи ашиглан, хамгийн гол нь хүний эрхийн өндөр мэдрэмжтэйгээр шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна. Хүний эрхийн дэд хорооны хувьд бүх аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт хүний эрхийг дээдэлж ажиллахыг, шийдвэр гаргахдаа хүний эрхийг хангах, хамгаалахыг суурь зарчим, шалгуур болгож байх зөвлөмжийг илгээн хамтарч ажиллаж байна. Үүнийг нутгийн өөрөө удирдах ёсны эрх мэдэлд халдаж байна гэж харж болохгүй, харин хүний эрхийг хангах, бүх түвшиндээ ийм эрмэлзэл дүүрэн нэгдэж ажиллах ёстой гэсэн итгэл үнэмшлийг хуваалцаж буй хэлбэр ойлгох нь зүйтэй” гэв.





Монгол нь хүний эрхийн талбарт уламжлалаараа олон зууны туршлагатай үндэстэн. Эмэгтэйчүүдийн эрх, шатлан дэвших зарчим, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар монголчуудын өв, соёл арвин гэж ойлгож болно хэмээн С.Эрдэнэболд гишүүн хэлээд “Өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарч, дараагийн түвшний хамтын ажиллагааг амжилттай эхлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн төгсгөв.

Ийнхүү Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг өрнөж, дээрх гурван илтгэлийн хүрээнд оролцогчид асуулт асууж, илтгэгчдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм. 


Уулзалт-хэлэлцүүлэг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон уг конвенцын Хорооны тухай сэдэвт хоёрдугаар хэсгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл