Цэс

Холбоо барих

ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.23) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.


Улсын Их Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн, улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо, хэмжээ болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан. Хууль тухайн хүндрэлтэй цаг үедээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн хэдий ч дэмжигдээгүйг дурдсан. Энэ хуулийн үйлчлэл зөвхөн улаан буудайн гурил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрлэл, түншлэл нь техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа аж.


Хүнсний тухай хуулиар монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг “стратегийн хүнс” гэж тодорхойлсон бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 51.1-д зааснаар “Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлж, тус Үндэсний зөвлөлөөс Монгол Улсын тухайн жилд экспортлох, импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоодог.  Мөн салбарын дунд хугацааны бодлогын хэрэгжилттэй уялдахгүй, хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч, малчид, тариаланчдыг өрийн дарамтад оруулах, хөдөөд ажлын байрыг бууруулах, хот сууринд шилжих, хүн амын нягтралыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байгааг төслийн танилцуулгад дурдав.


Хүнс, хөдөө аж ахуйн салбарт байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын харилцаа, эдийн засгийн ээдрээтэй бөгөөд таамаглашгүй нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс олон эрсдэл учирдаг болохыг Ж.Энхбаяр сайд танилцуулав. Ковид 19 цар тахлын сорилтууд нь улс орнуудад бие даасан, тогтвортой, тэсвэртэй, даван туулах хүч чадалтай байх сургамжийг өгсөн болохыг тодотгов.

2025 оны хаврын тариалалт энэ сарын 19-ний өдрийн байдлаар 470 мянган га буюу 73.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тариалалтын технологит хугацаа дууссан энэ үед улаан буудай 264 мянган га буюу 85.3 хувийн гүйцэтгэлтэй гарч байгаа гэв. Гадаад улс орны геополитикийн нөхцөл, улс төрийн хурцадмал байдал, ОХУ-аас баримталж буй төрийн бодлого шийдвэрийн хүрээнд тодорхойгүй хугацаагаар улаан буудай, малын тэжээлийн экспортыг хязгаарласан, валютын ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалан импортын гурилын үнэ өсөх нөхцөл үүсээд байгаа гэв. Иймээс хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит байдалд үндэслэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэв.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, З.Мэндсайхан, Р.Батболд, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, Ж.Энхбаяр сайдаас хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их хурлын 18 гишүүний 77.8 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээлэнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.


Дараа нь “Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 6 сарын 25-ны өдөр зохион байгуулахаар товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилсон. Сонсгол даргалагчаар томилогдсон гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу төслийг боловсруулсан бөгөөд тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалыг томилох өөрчлөлтийг хийхээр төсөлд тусгажээ. Ц.Даваасүрэн даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 11 нь дэмжсэнээр “Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдав. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл