Цэс

Холбоо барих

ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.23/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 42 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар  Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.

Тэрбээр, Олон улсын харилцаа, геополитикийн хурцадмал нөхцөл байдал хэвээр үргэлжилж байгаа энэ цаг үед худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Улсын Их Хурлаас 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан, Үндэсний баялгийн сангийн асуудал, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нэгдсэн бодлого, төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайдын, хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого зохицуулалт, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудалд тус тус хамааруулахаар заасан байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Үүний хүрээнд тусгай чиг үүрэг бүхий сайдын институцийг бусад бодлогын яамдад зохистойгоор хуваарилж, төрийн бүтцийг цомхон-зохистой, уялдаа холбоотой, хариуцлагатай болгохыг зорьж байна. Энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт юм хэмээн танилцуулсан.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Одбаяр, Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээсэн гэж танилцуулсантай энэхүү хэлэлцүүлж буй бүрэлдэхүүн нийцэж буй эсэхийг тодруулсан. Мөн тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамааруулахаар тусгасныг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Төлөвлөлт, төсөвлөлт, хяналт 3 нэг байгууллагад байх нь учир дутагдалтай гээд, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Хэрэг эрхлэх газрын харьяанд байх нь зүйтэй гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын уламжлал, шинэчлэлийн бодлогыг хослон хэрэгжүүлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн залгамж чанар, уламжлалыг хадгална. Ер нь Засгийн газар өөрчлөгдөж, яамд солигдон, бодлого нь өөрчлөгдөхөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төдийгүй нийт ард иргэдэд маш их хүндрэл учруулдаг. Нэг цахилгаан станц барих гэж байснаа өөрчлөөд өөр цахилгаан станц бариад явчихдаг. Энэ мэт чирэгдэл ард иргэдэд хүнд дарамт учруулж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн жишээ, судалгаа олон байна. Тиймээс бодлогын залгамж чанарыг хадгална гэж зорьж байгаа юм. Мөрийн хөтөлбөр, хийх ажил нь тодорхой бөгөөд Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Шадар сайдын эрхлэх асуудлуудыг илүү тодорхой болгохыг зорьсон.

Засгийн газар дахь хяналтын асуудал маш чухал. Засгийн газраас гаргасан шийдвэрт хяналт тавих чиг үүрэг Хэрэг эрхлэх газарт байгаа. Харин эдийн засгийн бодлого, төлөвлөлт түүний хяналт, хэрэгжилтийг цаашдаа Мэргэжлийн хяналт, бүтээмжийн зөвлөл хангах ажиллах байдлаар шинэчлэх юм. Мэргэжлийн хяналттай байх нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Хүүхдэд худалдаж буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэхийг хянадаг газар байхгүй болсон талаарх шүүмжлэл Засгийн газарт их ирж байна. Мөн яам бүрээс сар алгасалгүй янз бүрийн шалгалт хийж хувийн хэвшилд хүндрэл чирэгдэл учруулдаг болсон талаар мэдээлэл их ирж байна. Тийм учраас хяналтыг тодорхой болгох зорилгоор Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт ячвуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл