Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилж, Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Шинээр томилогдсон гишүүд өнөөдөр /2025.06.24/ үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уншиж танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ үнэмлэхийг гардуулж, үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улсын төрийн алба бол нэр хүндтэй, шударга, мэргэшсэн байх ёстой. Энэ бол төрийн албанд ажиллаж буй хүн бүрийн үүрэг хариуцлага юм. Төрийн байгууллагууд ард түмэнд чиглэсэн, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагагүй байдлыг арилгахын төлөө ажиллах учиртай. Шинээр томилогдож буй гишүүд өмнө нь төрийн албанд ажилласан, мэргэшсэн, туршлагатай хүмүүс байна. Та бүхнийг төрийн албаны шинэ шатанд өндөр зорилго өвөртөлж ирсэн гэж ойлгож байна. Албан тушаал бол эрх мэдэл бус, хариуцлага юм хэмээгээд Төрийн албаны зөвлөлийн орон тооны шинэ гишүүддээ амжилт хүслээ.
Төрийн албаны зөвлөлд шинээр томилогдсон гишүүдийн тухайд, Ц.Амартөгс нь эдийн засагч, төрийн удирдлагын магистр, төрийн албанд 25 жилийн туршлагатай, Б.Төгсцэнгэл нь эрх зүйч, төрийн албанд 15 жил ажилласан, Л.Золзаяа нь эрх зүйч, олон улсын худалдааны магистр, төрийн албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар мэдээллээ.