Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.06.24) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, саяхан тохиосон Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийн төрсөн өдөр, Британийн үндэсний баярын мэндийг хүргэлээ.
Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Британид хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, улмаар хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад тэлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов.
Британийн Парламентын төлөөлөгчид анх 1970 онд манай улсад, АИХ-ын төлөөлөгчид 1972 онд Британид тус тус айлчилж, хоёр орны парламент хоорондын анхны харилцаа, холбоог тогтоосон талаар мөн дурдлаа.
Цаашид Монгол Улс Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэлээ.
ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон, Британийн парламентад “Бүх намын Монголын бүлэг” ойрын хугацаанд дахин байгуулагдана гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдэж, энэ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.