Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.24) нэгдсэн хуралдаан 15 цаг 01 минутад, гишүүдийн 62.7 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар таницлцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа явуулж, санал, дүгнэлтээ Төрийн байнгын хороонд ирүүлсэн байна. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Төсвийн байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй болохыг Б.Баярбаатар гишүүн танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны тухайн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд зарчмын зөрүүтэй саналууд гаргасан бөгөөд хуралдаанаар нэгбүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн болохыг Байнгын хорооны санал, дүгнэлтдээ дурдлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын 17 гишүүн асуулт асуухаар Улсын Их Хурлын даргад урьдчилан нэрээ бүртгүүлсэн байна. Ийн гишүүд асуулт асууж эхлэхийн өмнө хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авах хүсэлтээ танилцууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус бүлгээс тодорхой саналууд хүргүүлсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл дурдаад “Парламент нь зөвшилцлийн талбар бөгөөд асуудлыг хэлэлцэх явцад дурдагдсан тоо баримтуудыг нягтлах, зөвшилцөх шаардлага байна” хэмээв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтыг үндэслэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээс нэг өдрийн буюу 25-ны өдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгөхөөр Улсын Их Хурлын дарга шийдвэрлэлээ.
Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргыг сонгосон тухай тогтоолыг Д.Амарбаясгалан дарга уншиж танилцуулав. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаараа Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг тус бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.