Цэс

Холбоо барих

ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.24/ хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд дээрх хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Мөнхсоёл уншиж танилцуулав.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өмнөх сайд нарын эрхлэх асуудлын чиг үүргийг шинээр томилогдож байгаа Засгийн газрын гишүүдэд шилжүүлэх зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төсөлд тусгасан боомтын сэргэлтийн асуудлыг Сангийн сайдын чиг үүрэгт хамааруулсан нь оновчтой эсэх, мөн төсвийн тодотголыг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан төсвийн тусгай шаардлагад өөрчлөлт оруулахгүйгээр Төсвийн тухай хуульд тусгасан төсвийн тодотголыг боловсруулах нөхцөлүүдийг харгалзан үзэж болох эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа яаралтай горимоор Улсын Их Хурлаар хэлэлцуулэх хуулийн төсөлд агентлагийн тоо болон төрийн албанаас чөлөөлөгдөх албан хаагчдын тооны талаар олон нийтийн санал авсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэдгийг тодотголоо.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан анхны хэлэлцүүлэг авуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал,” гэснийг хасах, мөн “хяналт тавих асуудал;” гэсний дараа “бүсчилсэн хөгжлийн бодлого;” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин төслөөс “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал;” гэснийг “хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал;” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийн талаар танилцуулав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороо, түүний харьяан дахь Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудлыг ялган зааглаж, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой тагнуулын болон цэргийн тагнуулын /гүйцэтгэх ажил/ үйл ажиллагаанд тавих хяналтаас хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажил дахь хүний эрх, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтын чиг үүргийг салган тусгаарлах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-ын хуулийн биелэлтийг хянах асуудлыг мэргэжлийн Байнгын хороо болох Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, тусад нь Улсын Их Хурлын хяналтын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дэд хороо байгуулах үндэслэл, шаардлага үүссэн гэлээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1  дэх хэсгийн 8/-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог ажиллуулахаар тусгажээ.

Тус дэд хороо байгуулагдсанаар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагаас явуулсан гүйцэтгэх ажилд тавигдах Улсын Их Хурлын хяналтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо, хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-д тавих Улсын Их Хурлын хяналтыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашдаа Хууль зүйн байнгын хороонд энэ дэд хороог байгуулаад зөвхөн дотоодод буюу иргэдэд явуулж буй гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар  мэдээлэл авч сонсдог байх ёстой гэсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцууллаа.

Олон улсын парламентын үйл ажиллагаанд “investigation hearing” буюу “мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх” нь жишиг болсон арга хэлбэр. Энэ нь тухайн асуудалд холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг Улсын Их Хурлаас дуудаж тайлбар, мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгоход маш чухал ач холбогдолтой гэлээ.

Гэвч өнөөгийн хэрэгжиж буй хуулиар Улсын Их Хурлын олонхыг бүрдүүлж буй улс төрийн хүчин хянан шалгах түр хорооны олонхыг бүрдүүлэхийн зэрэгцээ түр хорооны даргыг олонхоос сонгож байгаа явдал нь түр хорооны үр нөлөөг үлэмж хэмжээгээр бууруулж байна. Иймд түр хорооны даргыг сөрөг хүчнээс буюу цөөнхийн төлөөллөөс ажиллуулж чадвал хяналтын энэ чухал хэрэгслийг үр дүнтэй болгоно гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Хяналт шалгалтын түр хорооны дарга нь олонх, цөөнхөөс сонгогдсоноос хамаарч тухайн түр хорооны ажлын үр дүн гардаг гэж ойлгохоор хуулийн төслөө тайлбарлажээ. Олонхын бүлгээс түр хорооны даргыг сонговол асуудал шийдэгдэхгүй, үр дүнд хүрэхгүй, түр хорооны даргыг цөөнхийн бүлгээс сонгож байж хяналт шалгалт үр дүнтэй болно гэсэн ташаа ойлголт байна гэж үзэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид мөр зэрэгцэн суухдаа олон асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулан, сонсголууд зохион байгуулж, бүгд үр дүнтэй болсон гэдгийг тодотгосон.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын хяналтын чиг үүрэг гүйцэтгэх засаглал, эрх баригчдыг буюу олонхыг хянах хэмээгээд, УИХ 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Уг хуулийн төслийг боловсруулсан үзэл баримтлалд хяналт шалгалтын түр хороо байгуулахдаа цөөнхөөс ахална гэж тусгасан байсныг дурдав. Хэдийгээр хэлэлцүүлгийг явцад энэ заалт хасагдсан ч олон улсын сонгодог парламентын жишигт ийм зохицуулалт байдаг гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хяналт шалгалтын түр хороо өөрөө тодорхой чиг үүрэгтэй. Энэ нь олонхыг хянах гэж цөөнхөд гаргаж өгдөг механизм биш гэдгийг байр сууриа илэрхийлэхдээ тодотгосон.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл