УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.24/ хамтарсан хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн сонсохоор төлөвлөжээ.
Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу эхний хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсэг энэ хугацаанд 3 удаа хуралдаж, “Тавантолгой түлш” ХХК-аас ирүүлсэн үйлдвэрлэл, технологитой холбоотой 23 багц материал, 5 стандарт, 6 боть санхүүгийн мэдээлэл, дэмжих бүлгийн ажлын явцын тайлан мэдээллүүдтэй танилцаж ажилласан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан гээд ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг онцоллоо.
Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн “Сайжруулсан шахмал түлш”-ний одоо мөрдөж байгаа MNS 5679:2022 стандарт нь ахуйн хэрэглээний шахмал түлшний олон улсын нийтлэг жишгийг хангахгүй байгаа тул “Ахуйн хэрэглээний шахмал түлш: Техникийн шаардлага” нэршлээр шинэ стандарт нэн даруй боловсруулж батлан, хэрэглээнд нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд энэхүү стандартын дагуу зах зээлийн зарчмаар чөлөөтэй өрсөлдөх боломж бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэй, зээлээр санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөгийг эргүүлэн төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирол, алдагдлыг барагдуулах арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгох, Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогдсон зорилтот үр дүндээ хүрээгүй, цаашид хүрэх эсэх нь тодорхойгүй, 905.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, санхүүгийн болон үйлдвэрлэл технологийн чадваргүй, энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй “Тавантолгой түлш” ХХК-ийн өмчлөл, бүтэц, менежментийн оновчтой хувилбарыг судалж, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгож өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах хувилбаруудаас аль үр дүнтэйг сонгон шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох, улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Нүүрс баяжуулах үйлдвэр, Хагас коксын үйлдвэр, Нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл гэх мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, улс, байгууллагад эд хөрөнгө, санхүүгийн аливаа хохирол, алдагдал, өр төлбөр учруулсан нь тогтоогдвол буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах зэрэг санал, дүгнэлт гаргасан байна. Мөн тэрбээр ажлын хэсгийн гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн танилцуулсан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хороодын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ нар ирэх өвөл нийслэлчүүд юу түлэх вэ, хөх нүүрсийг урд хөршөөс авах асуудал ямар шийдэлтэй байгаа талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, одоо мөрдөгдөж буй түлшний стандарт олон улсын шаардлагыг хангахгүй байгаа учир шалтгаан юу байна гэж асуугаад ямар түлш хэрэглэх талаарх нэгдсэн шийдэл, бодлогод яаралтай хүрэх хэрэгтэй байна гэсэн санал хэллээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, шахмал түлш руу шилжилт хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайн үед түүхий нүүрсийг хот руу оруулахгүй байх төрийн хяналт маш сайн байсан. Харин сүүлийн хоёр жил түүхий нүүрсний хэрэглээ өсч, нийслэлийн утаа ихэссэн. Өнөөгийн нөхцөл байдалд нэг шат ахиж, түлшний чанарыг сайжруулахын тулд хагас коксжсон нүүрсэд шилжих эрдэмтэдийн дүгнэлт гарсан. Энэ нүүрсийг БНХАУ-аас импортлох судалгаа хийх талаар холбогдох байгууллагаас үүрэг өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар урд хөршөөс хөх нүүрс буюу хагас коксжсон нүүрс авч, ирэх өвөл нийслэлчүүдийг түлшний хэрэгцээг хангана гэсэн шийдвэр гарсан. Үйлдвэрлэлийн технологи энгийн буюу үндсэн түүхий эд 95 хувь, 5 хувь нь барьцалдуулагч шаарддаг. Түүхий эд хангалтгүй учраас түлшинд үр дүн гарах боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, технологийн алдаанаас болж 779 хүн нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс энэ үйлдвэрийг цаашид ажиллуулах боломжгүй юм гээд “Таван толгой түлш” компанид 1,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлөөр хийсэн. Үүнийг хэрхэн төлж барагдуулах вэ, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, “Таван толгой түлш” компанид өнөөдөр хичнээн хүн ажиллаж байгаа талаар зөвхөн төрийн өмчит компаниар бус хувийн хэвшлийнхнээр түлш үйлдвэрлүүлэх боломж буй талаар асуулаа. Ажлын хэсгээс хариулахдаа, УИХ-ын тогтоолоор 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл өрийг барагдуулах үүрэг өгсөн. Хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай “Ян сарьдаг” компани энэ жилдээ 10-20 тонн үйлдвэрлэх бол ирэх жилээс 100-150 тонн үйлдвэрлэх боломжтой. Бид үндэсний үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжиж байгаа. “Таван толгой түлш” компанид 1000 орчим ажилтан ажиллаж байна. Өнөөдөр завсар үйлчилгээ хийгээд ажилтнуудаа амраасан гэх зэргээр хариулав.
Байнгын хорооны гишүүд “Таван толгой түлш” компанийн байгуулсан дэд бүтцийг ашиглаж, дараагийн алхам руу шилжих нь зүйтэй, тус компанийн харьяаллыг тодорхой болгох талаар болон ирэх өвөл утаагүй өвөлжье гэвэл яаралтай технологийн шийдлээ гаргах хэрэгтэй гэх зэргээр санал хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.