Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.24/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын УИХ-ын 11 гишүүн өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, түүний гүйцэтгэл болон хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал Ерөнхий сайдад асуулга тавих, гишүүд асуулт асууж, хариулт авах асуудлыг энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар тусгасан хэмээн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан.
Тодорхой хэлбэл төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд алдаа мадаг гаргахгүйн үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байх, олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг Улсын Их Хуралд бий болгох, уг асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг Улсын Их Хурлын тухай хууль болон, Улсын Их Хурлын дэгийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд оруулах шаардлагатай гэж үзжээ.
Тэрбээр Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчлөхөөр тусгажээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийж буй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан нийтийн албан тушаалтан, бусад этгээд үнэн бодит мэдээлэл өгөх асуудлыг үүрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх харилцааг тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Х.Тэмүүжин нарын УИХ-ын 40 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасанчлан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий сайд нь Улсын Их Хурлаас томилогдож, түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламентат ёсны гол илэрхийлэл болно. Парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь Парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдэг билээ.
Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд тусгайлсан суудал засуулж, хуралдаан даргалагчийн түвшинд танхимын хойморт байрлаж буй нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэлээ.
Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд сонгогч иргэдээ төлөөлөн, байр сууриа нээлттэй илэрхийлж, чөлөөтэй ижил түвшинд мэтгэлцэхийн сацуу, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих Улсын Их Хурлын бүрэн эрх халдашгүй хэрэгжих парламентат ёсны үндсэн зарчмыг хамгаалахын тулд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна хэмээн тайлбарласан.
Хуулийн төслөөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, хуралдааны танхимын зохион байгуулалтын үндсэн зарчим, суудлын хуваарийн ерөнхий төлөвлөлтийг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй ч дээрх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир завсарлага авч байгааг тус бүлгийн дэд дарга А.Ариунзаяа танилцуулснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.2-т заасны дагуу 70,000 ба түүнээс дээш тооны иргэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах санал гаргаж, хуульд заасан журмын дагуу шаардлага, нөхцөл хангагдсан тул Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр зохион байгуулж, санал, дүгнэлтээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүнэлтэд “Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулж, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, хянан шалгах эрх бүхий байгууллагын мэдээллийг тогтмол сонсох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх” гэж тусгасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулсан хэмээлээ.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюлугүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг ханган, баталгаажуулах зорилгоор Монгол Улсад агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, бодит үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих орчныг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны харьяанд “агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт” зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий “Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулан ажиллах шаардлагатай гэж үзлээ хэмээн танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь А.Ариунзаяа нарын УИХ-ын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв.
УИХ-ын үйл ажиллагааг илүү оновчтой, цомхон болгох, УИХ өөрчлөлтийг өөрөөсөө хийх нь зүйтэй гэсэн санаачилга гарган УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Р.Батболд, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин нарын хамтаар хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан хэмээн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулгадаа онцлов.
Иргэд, байгууллагаас Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Мөн Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац цахим бодлогын хөгжлийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулах зохицуулалтыг оруулжээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд зөвлөлийн одоогийн байгаа бүрэлдэхүүнээс гадна УИХ-д суудалтай бүлэг байгуулаагүй нам эвслийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн санал өгөх эрхтэйгээр оролцох, нам эвслийн бүлгийн дэд дарга нар санал өгөх эрхгүйгээр оролцох асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.