Цэс

Холбоо барих

ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.25) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даргаллаа. Хуралдаанаар эхлээд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төслийн талаар хэлэлцэв. Эхлээд Улсын дээд шүүхийн 2026 оны төсвийн төслийн талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулав. Шүүхийн цахимжилттай холбоотой асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байгаа талаараа болон 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн  талаараа танилцууллаа. Улсын дээд шүүх нь шүүгч бэлтгэх болон шүүгч мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг, нийт шүүхийг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангахаар академи байгуулсан байна. Тус академийн үйл ажиллагаа холбогдох хуулийн дагуу өргөжсөнтэй холбоотойгоор 2026 оны төсөв дээр зохих өөрчлөлтүүд орж байгаа гэв. Ирэх оны төсөв өмнөх оныхоос 16.9 хувиар өсөж байгаа нь шинээр байгуулагдах Гэр бүл, хүүхдийн шүүхтэй холбоотой шүүгчдийг сургах сургалтууд, зарим хуулийн өөрчлөлтийн дагуу сургалтууд хийж буйтай холбоотой гэв.


Шүүгчийн судалгаа шинжилгээний ажлыг илүү өргөн хүрээтэй, мэдээллийн технологи ашиглаж хүртээмжтэй болгох үүднээс Улсын дээд шүүх “Шүүгчийн виртуал туслах” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зардалтай холбоотой саналаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академийн хамт Хангарди ордон руу нүүж байгаатай холбоотой төсвийн төсөл дэх өөрчлөлтийг С.Заяадэлгэр дарга танилцуулгынхаа төгсгөлд тайлбарлав. 


Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсээс Улсын дээд шүүхийн 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээний талаарх танилцуулгыг гишүүдэд тараасныг Ц.Сандаг-Очир гишүүн дурдсан. Улсын дээд шүүхийн 2026 оны 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Пүрэвдорж, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.


Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдорж Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төслийн хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь буюу 73.3 хувь нь дэмжив.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг танилцуулсан.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцэх бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийг хуралдаан даргалагч өгснийг П.Сайнзориг гишүүн танилцуулгадаа дурдав. Байнгын хорооны 2025 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр хуралдаж, Улсын Их Хурлын даргаас чиглэл өгсөн таван асуудлыг нэгбүрчлэн хэлэлцжээ. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох томьёоллыг бэлтгэсэн байна.


Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг яллагдагч, прокурор, оролцогчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцлаж, гардуулан өгөх саналыг тодруулан найруулжээ.

Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл хэргийн оролцогчид хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, хавтаст хэргийн материал танилцуулах хугацаа 7 хүртэл хоногт, бусад хэргийн материалтай ажлын 3-аас доошгүй өдрийн хугацаанд танилцах боломж, нөхцөлөөр хангах, мөн хавтаст хэргийн материал танилцуулах үндсэн хугацаа 14 хүртэл хоног, хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан тус хугацааг мөрдөгч 14 хүртэл хоногоор сунгаж болохоор томьёолсон байна. Шүүгдэгчийн сонгож авсан өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл шүүгдэгч өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд шүүх хуралдаанд журмын дагуу өөр өмгөөлөгчийг оролцуулна гэсэн зохицуулалт нь Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмыг хөндөж байх тул хуулийн төслөөс уг заалтыг хасан нь зүйтэй хэмээн үзжээ.


Мөн ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой зохицуулалтыг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Уг тогтоолын төсөлд эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хавтаст хэргийг цахимжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын цахим мэдээллийн санг нэгтгэн холбох, цахим системийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар тусгасан байна. Мөн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хэрэгсэл ашиглаж нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, үнэлэх асуудлыг боловсронгуй болгох талаар тусгасан гэв, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хэрэгсэл ашиглаж нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, үнэлэх асуудлыг боловсронгуй болгох талаар тусгажээ. Үүний зэрэгцээ эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч цахим хавтаст хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах асуудлыг боловсронгуй болгох талаар холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж тайлбар, мэдүүлэг өгсөн хэрэгт нь тухайн хүнийг яллах талын нотлох эх сурвалж болгохгүй байх зохицуулалтыг судлан, олон улсын гэрээнд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар тусгажээ.


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүр нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Ц.Сандаг-Очир гишүүн хуралдаанд танилцуулав.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх горимын саналыг Ц.Сандаг-Очир гишүүн гаргав. Эл саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 13 нь дэмжлээ. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг танилцуулсан. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй зургаан санал, найруулгын гурван саналыг гүйцээн боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-д заасны дагуу зарчмын зөрүүтэй нэг саналыг хууль тогтоомжийн нийцлийг хангах үүднээс боловсруулсан гэв.


Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт, тайлбар авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр тус бүрд нь санал хураалт явуулав.


Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл