Цэс

Холбоо барих

Мэргэжлийн чиглэлүүдэд ялгаатай хандах явдал багш нарт стресс үүсгэж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хөндлөө

Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр (2025.06.25) “Багшийн хомсдолын өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ахалж, 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хэлэлцүүлийн эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласны хүрээнд явуулж буй бодлогын үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм. Боловсролын яаман дээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмжийн болон сургалтын чанарын асуудлаар хоёр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа тухай тэрбээр мэдээлж, уг ажлын хэсгүүд тус тусын мэдээлэл, судалгаа, гарц гаргалгааны талаарх саналаа нэгтгэж, нэгдсэн шийдэл боловсруулна гэдгийг хэлсэн юм. Хүртээмжийн асуудлаарх ажлын хэсгийг тэрбээр өөрөө, чанарын асуудлаарх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ахалж байгаа ажээ.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны хичээлийн жилийн эхэнд 4200 орчим багш дутаж байна гэсэн тоог яам гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахын гаргасан тооцоогоор 5700 багш дутагдалтай байсан тухай өгүүлж, энэ асуудлын цаана нэг мэргэжлийн багшаар өөр хичээл заалгах зэрэг далд дутагдал, 19 цагаас хэт их ачаалал бүхий багш нар зэрэг олон асуудал бугшин оршиж байдгийг дурдсан юм. Тэрбээр, хичээлийн жилийн хоёрдугаар хагаст багшийн дутагдал арай багасдаг ч салбарын хэмжээнд алдагдсан жендэрийн харьцааны асуудлаас болж эхчүүд, эмэгтэйчүүдийн онцлогтой холбоотой олон харилцааг шийдвэрлэх шаардлагатай болдгийг ярилаа. Энэ бүхний тооцож багшийн нөөцийг бүрдүүлэх шаардлага тулгарч байгааг тэрбээр онцолж, Засгийн газраас багшийг дэмжиж хөтөлбөрийг Боловсролын зээлийн сангийн оролцоотой хэрэгжүүлж, оюутан залуусыг олноор нь сургаж байгаа ч чанарын асуудлыг анхаарах шаадлага байсаар байгааг тэмдэглэсэн юм. Мөн багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, нийгэмд гарч байгаа зарим буруу хандлагыг тухай бүр няцааж байх нь чухал гэсэн байр сууриа илэрхийлж, багшийг хүндэтгэж, ёс жудагтай харилцаж ирсэн уламжлалыг сэргээж, эцэг эхийн хандлагыг зөв тогтоох, багш нарын өөрсдийнх нь ёс зүйг дээшлүүлэх, тэдний хөгжлийг хангахад анхаарал хандуулах цаг болсныг онцлов.

Багшийн хомсдолыг шийдвэрлэх тухай хэлэлцүүлэгт Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунаа, МУБИС-ын Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Боловсролын сургуулийн зөвлөх багш Ч.Жачин, Боловсрол судлаач, эдийн засагч, Хэлсиний их сургуулийн магистр Г.Ариунхишиг Боловсрол судлаач, Стэнфордын Боловсрол сургуулийн магистр Э.Сүндарь, Төв аймгийн Боловсролын газрын дарга Ц.Нарантуяа, Нийслэлийн 88 дугаар сургуулийн захирал Ч.Уранбаяр нар Багшийн хангалт, хөгжлийн талаарх бодлого, арга хэмжээ, Багш бэлтгэж буй өнөөгийн байдал, багшийн хангамжийг нэмэгдүүлэх арга замууд, Хувийн их дээд сургуульд багш бэлтгэж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Багшийн ажлын байрны зураглал, ачаалал, ажлаас гарч буй шалтгаан, нөхцөл, бодлогын шийдэл, Төв аймгийн жишээн дээр багшийн хүрэлцээ хангамжийн байдал, Улаанбаатар хот дахь багшийн дутагдал, түүнийг давах зарим оролдлого зэрэг илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэв. Тухайлбал, газрын дарга Р.Оюунаа илтгэлдээ багш бэлтгэхээс эхлээд тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, багшийн мэргэжлийн хөгжлийг хангахтай холбоотойгоор явуулж буй бодлогын шийдлүүд, түүний суурь судалгааны дүн, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Боловсролын яам багшийн хэрэгцээ, шаардлагын талаарх судалгааг түвшин бүр дээр судлагдахуун болгоноор хийж, хангалтыг зохицуулан ажиллаж байгаа юм. Багшийн дутагдал, хомсдолын асуудлыг аймаг бүрээр, мэргэжлий чиглэл бүрээр нэг бүрчлэн урьдчилан хийж, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авах зохион байгуулалтын ажлыг явуулж байгаа ажээ.

Мөн МУБИС-ын Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон багш бэлтгэж буй үйл ажиллагааны өнөөгийн байдал, багшийн хангамжийг нэмэгдүүлэх арга замуудын талаарх илтгэлдээ, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүртээмж, дутагдалтай байдлын талаарх тоо баримтыг танилцуулж, мөн багш мэргэжлээр төгсөгчид, тэдний ажил эрхлэлтийн тоон мэдээллийг багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилттэй нэгтгэн мэдээлсэн юм. Тэрбээр багшийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд шинэ төгсөгчдийг зөвлөх багшийн тусламжтай дэмжиж, ажилд нь гаршуулан сургах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдний ажлаас гарах хурдыг бууруулахын тулд тогтвор суурьшлыг дэмжих нийгмийн баталгаа, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, мэргэжлээрээ ажиллах багшийн тоог нэмэгдүүлэхийн тулд бусад салбарт шилжсэн багш нарыг эргүүлэн дуудах урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга замуудыг санал болгосон юм.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Боловсролын сургуулийн зөвлөх багш Ч.Жачин хувийн хэвшлийн их дээд сургуулиудад багш бэлтгэж буй байдал, тулгамдсан асуудлын талаарх илтгэлээ боловсрол, сургууль төгсөгчид, сургалтын байгууллагууд багш нарт хандаж байгаа хандлага ямар чухал болохыг Тайланд Улсаар жишээлсэн жишээгээр яриагаа эхэлсэн юм. Тус улсад төгсөгчдийн ёслолд эзэн хааны гэр бүлийн гишүүд хүрэлуэн ирж оролцон, уг ёслолыг төрийн дээд хэмжээний үйл явдал болгож тэмдэглэдэг бол манай улсад их, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд нүүрэн дээрээ баяр жаргалтай байвч сэтгэл зүрхэндээ эргэлзээ тээнэгэлзээтэй, сургууль, багш нарыг сургалтын төлбөрөөр ард иргэдийн амьжиргааг дээрэмддэг газрууд гэж үзэх, багш нарыг буруу, доройгоор хандах хандлага жил ирэх тусам газар авсаар байгааг анхааруулж, үүнээс бий болсон үр дагавар нь өнөөгийн багш нарын хомсдол болохыг тодорхойлон хэлсэн юм. Түүнчлэн бодлого, хөтөлбөрийн урт хугацаанд тогтвортой, үр дүнтэй хэрэгжих, ул суурьтай, цогц шинжилгээ судалгаатайгаар сургалтын үйл ажиллагааг төлөвлөх явдал салбарын хэмжээнд тулгамдсан асуудал болсныг өгүүлсэн юм.

Боловсрол судлаач, эдийн засагч, Хэлсиний их сургуулийн магистр Г.Ариунхишиг, Стэнфордын Боловсрол сургуулийн магистр Э.Сүндарь нар энэ оны хавраас эхлэн хийж буй Багшийн ажлын байрны зураглал, ачаалал, ажлаас гарч буй шалтгаан, нөхцөл, бодлогын шийдлийн талаарх судалгааныхаа дүнг танилцуулсан юм. Энэ судалгааг Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн захиалгаар хийж байгаа ажээ.

Судалгааны дүгнэлтэд багшийн хомсдол нь ажлын ачаалал их, стандарт цагаасаа хэтрүүлэн ажилладагтай холбоотой далд хомсдол, сургуулийн хүний нөөцийн стандарт, уян хатан зохицулалт дутмаг, сургалтын байгууллагын багшаас бусад чиг үүргүүдийг хавсран гүйцэтгэдэг байдал, шинэ төгсөгчдийг дэмжих, тогтвортой ажиллуулах бодлого, хөтөлбөргүй, орон нутаг, алслагдсан бүс нутагт гэрээсээ хол ажиллах боломжгүй байдал, олон жил тогтвортой ажилласан хэдий ч нийгмийн баталгаа нь хангагдаагүй багш нарын сургамж зэрэг олон шалтгаантай байгааг дурдсан байна. Мөн гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилтийн шинэчлэлт, Pearson, Eduten зэрэг олон улсын хөтөлбөртэй холбоотой багш нарын ажлын ачаалал, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг нэмэгдүүлж байгааг судлаачид тэмдэглэж, мэргэжлийн чиглэлүүдэд ялгаатай хандах явдал багш нарт асар их стресс үүсгэж байгааг танилцуулсан юм.

Төв аймгийн Боловсролын газрын дарга Ц.Нарантуяа, нийслэлийн 88 дугаар сургуулийн захирал Ч.Уранбаяр нар орон нутаг болон боловсролын байгууллагуудад багшийн дутагдалтай байдал хэрхэн нөлөөлж, ямар сөрөг үр дагавар үүсгэж байгааг бодит туршлагуудад тулгаарлан ярьж, тухайн байгууллагууд энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хэрхэн ажиллаж, ямар  шийдэр гаргаж байгаа талаар танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид илтгэгч нараас асуулт асууж, хариулт авч, мөн санал бодол байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн боловсролын газруудын удирдах ажилтнуудаас гадна сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн удирдлага, боловсролын судлаач нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл