Цэс

Холбоо барих

ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгохыг дэмжлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.25/ хуралдан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг, Д.Бум-Очир нарын хамтаар Боловсролын сайд П.Наранбаяртай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийсэн гэлээ. Тэрбээр боловсролын салбарыг жил гаруй хугацаанд удирдахдаа хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, өнгөрсөн оны 09 дүгээр сард 1.2 тэрбум төгрөгийг нэр бүхий сургуулиуд руу шилжүүлээд, өөрийн ТББ руу буцаан төвлөрүүлсэн, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг зассан, тус шалгалтын материалыг гадны судлаачдаар бэлтгүүлсэнтэй холбоотой гарсан сөрөг үр дагаврын талаар мэдээлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад авлига, ашиг сонирхолтой холбоотой зөрчил гаргасан сайддаа хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн юм. Үүгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусч, Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирын нэрийг дэвшүүлснийг хуралдаан даргалагч танилцуулав. Ц.Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийг төгссөн.  2000-2004 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш чиглэлээр суралцаж төгссөн. 2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2018 онд тус академийг төрийн удирдлагын магистраар сурч төгсчээ. 2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005-2008 онд тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008-2012 он, 2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар 2 удаа сонгогдон 8 жил ажилласан бөгөөд 2013 оноос Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.

Ц.Сандаг-Очир нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож байсан.  2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын УИХ-д сонгогдон ажилласан туршлага, мэдлэг ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр санал, нэр дэвшигчээс асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуралдаан даргалагч холбогдох хуулийг заалтыг танилцуулаад, УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллийг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  Б.Жаргалан нарын УИХ-ын 40 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Д.Үүрийнтуяа нарын УИХ-ын 6 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Ингээд Байнгын хороо Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан танилцууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг парламентад суудалтай 5 намын төлөөлөл болсон 40 гишүүн дэмжсэн гэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. 

Монгол Улсын төрт ёсны түүхэнд чухал ач холбогдол бүхий дээрх ойн баяруудыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх талаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгаснаар үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлалыг бүрэн илэрхийлж үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Хууль санаачлагчийн илтгэл болон төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл