Цэс

Холбоо барих

НББХ: Нэр дэвшигчийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчээр Д.Далхжавыг томиллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.26)-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-д даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг томлох тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос дээрх зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны долдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд хараат бус шинжээчээр хамтран ажиллах урилгыг энэ сарын 20-ны өдөр олон нийтэд нээлттэй түгээсэн юм. Зарын дагуу нэр дэвшигчийн сонсголд хамтран ажиллахаар саналаа ирүүлсэн Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Далхжавыг танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Энхнасан хийлээ.

Зөвлөх профессор Д.Далхжав Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургууль дүүргэж, ХААИС-д төлөвлөгч, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн байна. 2008 онд ХААИС-д Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2000-2007 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Орлого, санхүүжилтийн хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимд ахлах багшаас тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор дэвшин ажиллаж байна.

Д.Далхжавыг хараат бус шинжээчээр томилох тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолоор НДҮЗ-д даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн талаарх гаргасан санал дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд ирүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээч Д.Далхжавт үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл