Улсын Их хурлын дэд дарга Х.Булгантуяад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг өнөөдөр /2025.06.25/ өргөн мэдүүллээ.
Эрх зүйн шинэчлэл, бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийтийн өмч, түүний дотор төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, хэлбэрийг зохистой тогтоож, өмчийн удирдлага, бүртгэл, ашиглалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэрийг Иргэний хуульд заасан өмчийн төрөлд нийцүүлэн өргөжүүлж, нийтийн өмчийн суурь харилцааг зохицуулах хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12, 28 дугаар зүйлийн 28.5.2-т заасны дагуу “Нийтийн өмчийн хууль” гэж өөрчилж, нийтийн өмчийг удирдах зарчим, өмчийн зориулалт, ангилал болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх аж. Ингэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг тус хуулиар, харин олон нийтийн болон шашны өмчийн харилцааг уг хуульд нийцүүлэн тухайлсан хуулиар зохицуулахаар тусгасан байна.
Энэ хүрээнд хуулийн зорилтыг “нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах"-аар өргөжүүлэн тодорхойлсон байна.
Хуулийн төсөл нь 9 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд зарчмын өөрчлөлтүүдийг тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилж, төрийн өмчийн өмчлөгч нь Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал байх зарчмыг хэвээр хадгалж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдүүдийн эрх хэмжээний давхцал, ойлгомжгүй байдлыг арилгаж, харилцан уялдаатай байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын хяналтын чиг үүргийг тодруулан хуульчилсан, түүнчлэн, Төрийн өмчийн хорооны бүрэлдэхүүнд хөрөнгийн удирдлага, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулах боломжийг бүрдүүлжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч этгээдийн эрх зүйн байдлыг хөрөнгийн эрхийн байдалтай нь уялдуулан оновчилж тогтоосон байна.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн өмчийн удирдлага болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилох зэрэг асуудлыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай бие даасан хуулиар зохицуулахаар тусгажээ. Хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектын чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.