Цэс

Холбоо барих

ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.27/ хуралдаж Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Х.Булгантуяа нарын УИХ-ын 20 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, санал дүгнэлт гарган холбогдох хуулийн төсөл боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан.

Үүний дагуу 4 дэд хэсэг байгуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамтай уулзалтуудыг зохион байгуулсан ба ажлын дэд хэсэг бүрийн саналтай танилцан  Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон төсвийн цаглабартай холбоотойгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг тус тус гаргасан гэлээ.

Тэрбээр, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явц, чанарыг сайжруулах шаардлагатай байна. Зөвхөн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний танилцуулгыг сонсож, ердийн хуулийн төсөл хэлэлцэх журмын дагуу баталж байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүд, дунд хугацааны төсөөллийг  тодорхойлох, эдийн засаг, төсвийн бодлогын хувьд өндөр ач холбогдол бүхий баримт бичиг учир Улсын Их Хурлаар хэлэлцэх тусгайлсан 4 үе шаттай хэлэлцүүлэг дэгийг бий болгож, Төрийн аудитын төв байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсож, бүх Байнгын хороо дэлгэрэнгүй, нарийвчилсан байдлаар хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх ба тус хороод эдгээр санал, дүгнэлтийг хамтарсан хэлбэрээр хэлэлцэх зохицуулалтыг нэмэх нь төслийн чанарыг дээшлүүлж, илүү нухацтай, үр дүнтэй хэлэлцэх боломжийг бүрдүүлэх тул холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр боловсруулсан хэмээв.

Монгол Улсын Их Хурал тухайн жилийн төсвийг батлахдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэж нэгдсэн төсвийн шатлалаар баталдаг. Гэвч төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ нэгдсэн төсвийн шатлалаар хэлэлцэж, батлахдаа улсын төсвийн шатлалаар баталдаг. Энэ нь Улсын Их Хурал өөрийн баталсан төсвийнхөө гүйцэтгэлийг бүхэлд хянаж батлахгүй байгаа буюу, өөрөөр хэлбэл орон нутаг, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг хянан батлахгүй байгаа явдал юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зохих өөрчлөлтийг хийх нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуультай нийцүүлэх шаардлагатай гэлээ.            

Төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд: Төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Иймд Улсын Их Хурлын намрын чуулганыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Төсвийн төслийг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт”-ыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах нь зүйтэй хэмээн дүгнэжээ.

Засгийн газраас Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний төсөл, төслийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг тодорхой хугацаанд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх, Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн явцад танилцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэж үзжээ. Ингэснээр Зөвлөл хуульд заасны дагуу дүгнэлт гаргах, хяналт тавих, Улсын Их Хуралд танилцуулах, гишүүдийг мэдээллээр хангах, бодитой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Төсвийн тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг хийхээр боловсруулсан байна.

Улсын Их Хурлаас төсвийг буцаах, төсөв хугацаандаа батлагдахгүй байх, ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авахтай холбоотой төсөв хэлэлцэн батлах хугацаа, дэгийн асуудлыг нэмэлтээр зохицуулах шаардлагатай байна гэлээ. Ингэснээр төсөв хугацаандаа батлагдахгүй тохиолдолд төрийн үйл ажиллагаа хэвийн явагдах, хэлэлцэх хугацааны асуудалд хууль зүйн маргаан үүсэхгүй байх, хоригийг хүлээн авсан тохиолдолд төсвийг хэлэлцэх асуудал дэгийн хувьд эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг санал, дүгнэлийг гаргажээ.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д  өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл бүхий,  хамт өргөн мэдүүлэх  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 зүйл бүхий, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2 зүйл  бүхий  хуулиудын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д  өөрчлөлт оруулах, тухай хуулийн төслийн 17 дугаар зүйлийн “17.1.Улсын Их Хурлын ээлжит чуулган 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.” гэж өөрчлөлт оруулснаар төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцүүлэх, хэлэлцүүлгийг 5 үе шаттайгаар явуулах, нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиар оруулах боломжит эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах, тухай хуулийн төсөлд Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүд, дунд хугацааны төсөөллийг  тодорхойлох,  эдийн засаг, төсвийн бодлогын хувьд өндөр ач холбогдол бүхий баримт бичиг учир Улсын Их Хурлаар хэлэлцэх тусгайлсан 4 үе шаттай хэлэлцүүлэг дэгийг бий болгох, мөн төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс 5 үе шаттайгаар хэлэлцүүлэг явуулах байдлаар нэмэлт, өөрчлөлтийг хийхээр тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төрийн аудитын байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо зэрэг байгууллагууд холбогдох байнгын хороотой төсвөө урьдчилан зөвшилцөөд Сангийн яаманд хүргүүлдэг. Энэ үйл явцыг тодотголын үеэр хэрхэн явуулах вэ. Төсвийн тодотгол хийхдээ дээрх байгууллагуудаас санал авалгүйгээр төсвийг нь хасвал ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй учраас энэ асуудлыг зарчмын хүрээнд анхаарч үзэхийг хүссэн.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл