Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун санаачилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар хамтран боловсруулсан “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийн нээлт ирэх долоо хоногт болно. “Туршлага бол хүч” уриан дор хэрэгжүүлэх тус хөтөлбөрт хамрагдаж буй анхны 13 оролцогчтой өнөөдөр (2025.05.27) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Энхтуяа нар уулзаж, мэдээлэл өглөө.
Ахмад настнууд бол асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан хүний нөөцийн томоохон бүлэг юм. Мэдлэг боловсрол, ажил, амьдралын арвин их арга, туршлагаараа бий болгосон тэдний хүч, нөөцийг Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд татан оролцуулах, төрийн залуу түшээд, тэдний ажлын албаны залуу албан хаагчидтай хуваалцах, зааж сурган өвлүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж буйг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун дурдаж, “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаар тодорхой тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах, ажиллаж амьдрах хугацаандаа тус улсын ахмад настны асаргаа, халамжийн тогтолцоо, үйлчилгээг судалсны хувьд Ахмад настны тухай Монгол Улсын хуулийг боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах, тэдний нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйг хамгаалах чиглэлээр түлхүү ажиллаж байгаагаа танилцуулж, Улсын Их Хуралд лобби бүлэг байгуулаад байгаагаа дурдлаа.
Парламентын үйл ажиллагаанд ахмад настнуудыг оролцуулж, тэдний нийгмийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэр хэрээр тодорхой хэмжээнд орлогыг нэмэгдүүлэх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улсын Их Хурал ахмад үеэ хүндэтгэн дээдлэх, тэднээсээ суралцах, халамжлах талаар нийгэмд эерэг нөлөө үзүүлж, үе хоорондын харилцааг нягтруулах, залгамж холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Улсын Их Хурлын үлгэрлэл манлайллын дагуу бусад байгууллагууд үйл ажиллагаандаа ахмад настнуудын хүч, нөөцийг ашиглах, тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллах жишиг болж, түгэн дэлгэрэх боломж бий.
“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт эхний ээлжинд Улсын Их Хурлын дарга асан С.Төмөр-Очир, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Чилхаажав, Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Ц.Нацагдолгор, физик, математик, эдийн засгийн ухааны багш Ж.Сандуйжав нарын 13 ахмад настан оролцож, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Г.Дамдинням, Ж.Золжаргал, Х.Баасанжаргал, Д.Пүрэвдаваа нарын 12 гишүүнд зөвлөнө. Ахмад настнууд эдийн засаг, геофизик, санхүү, математик, геологи, хууль, статистик, сэтгэл судлал зэрэг олон төрлийн мэргэжлийн мэргэжилтэй бөгөөд төрийн аудит, уулын инженер, хууль тогтоогч, багш, нягтлан бодогчоор 30-аас дээш жил ажилласан туршлагатай ажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.